top banner
Шуурхай мэдээ

Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн төв ашиглалтад оров


2017-12-25 17:11:26
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын 7-р багийн төвийн барилга өнгөрөгч 8-р сарын 25-наас эхэлсэн ба нийт 89.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орлоо. Багийн төвийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, орлогч дарга Б.Болормаа болон Эрдэнэбулган сумын удирдлагууд оролцсон юм.

Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “7-р багийг үйлдвэрийн бүс болгож 2020 он хүртэл томоохон бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд ирэх жилээс Дулааны станц, цэвэрлэх байгууламж баригдана. Үйлдвэрийн тухайд эхний ээлжинд ноос угаах болон махны үйлдвэрийг барьж байгуулахаар газрын асуудлаа шийдсэн” гэж онцоллоо. 

Энэ өдөр тус багийн төв дээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2018 онд хэрэгжих хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө болон ажилд зуучлах үйлчилгээ үзүүлсэн бол Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний бүртгэлийн чиглэлээр мэдээлэл өгч ажиллалаа. Мөн  Нэгдсэн эмнэлгээс эхо, хүүхэд, шүд, мэдрэлийн эмч нар ирж бүтэн өдөр ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн юм. 7-р багийн төвд багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар болон өрхийн эрүүл мэндийн төв хамт байрлаж, 7 дугаар багийн 565 өрхийн 2784 хүм амд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм. Багийн эрүүл мэндийн төвд  аймгийн Засаг дарга тоног төхөөрөмж авахад нь дэмжлэг болгож 15 сая төгрөгийг шийдэж өгсөн байна.

Архангай аймаг 99 багтай байсан бөгөөд 2014 оны 6-р сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор Цахир сумын 4 дүгээр багийг, Эрдэнэбулган сумын 7 дугаар багийг тус тус байгуулсан.Тогтоолын дагуу Архангай аймаг 101 багтай болсон юм.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд