top banner
Шуурхай мэдээ

Хятадын хамгийн шилдэг хотоор Шанхай 5 дахь жилдээ шалгарав


2017-12-24 18:12:07
Зураг
 Бээжин /МОНЦАМЭ/. “Хятад улсын “хотуудын өрсөлдөх чадварыг судлах зөвлөл”-өөс 2017 оны шилдэг хотуудын жагсаалтыг энэ сарын 20-ны өдөр нийтэд танилцууллаа” хэмээн Global Times сонин мэдээллэв.
Энэ оны "өрсөлдөх чадвар" хамгийн өндөр буюу шилдэг хотоор Шанхай хот 5 дахь жилдээ дарааллан шалгарсан бол хоёрдугаар байранд Хонг Конг оржээ. Мөн эдгээр хотууд нь дэлхийн “өрсөлдөх чадвар” сайтай 10 хотын жагсаалтад багтсан ба Шанхай 7, Хонг Конг 9-д жагссан байна. Хятадын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конг нь мөн “хамгийн аюулгүй”, “Бүс ба Зам” төслийн дагуух нээлттэй хотоор шалгарлаа.
 Хятадын шилдэг хотуудын жагсаалтад  Хонг Конгтой залгаа орших Шэнь Жэн 3-т жагсав.
"Хотуудын өрсөлдөх чадварыг судлах зөвлөл”-ийн дарга Гүй Чянфан “Шэнь Жэн хотын сүүлийн  дөрвөн жилийн ДНБ-ий өсөлтийн хурд Хонг Конг-ийг давсан, зөвхөн эдийн засгийн өсөлтийн хурдыг авч үзвэл Шэнь Жэн тун удахгүй Хонг Конг-ийг гүйцнэ, Хонг Конг нь инновацийн хөгжлийн тал дээр Шэнь Жэн хотын хурдыг гүйцэхгүй байгаа тул улам бүр сайжруулах хэрэгтэй” гэлээ.
Дашрамд дурдахад, Хятадын “хотуудын өрсөлдөх чадварыг судлах зөвлөл” 1998 онд Хонг Конг-д байгуулагдаж байсан бол уг жагсаалтыг 2002 оноос хойш жил бүр тогтмол гаргаж байгаа аж.
А.Анхбаяр
 

Монгол брэнд