С.Пүрэвийн "Уул өвгөн хоёр" өгүүллэг "Утгын чимэг" наадамд тэргүүллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2017-12-24 13:05:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын шилдгийн шилдэг "Цомын эзэн"-ээр Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт зохиолч С.Пүрэвийн “Уул өвгөн хоёр” өгүүллэг шалгарлаа.

Уг өгүүллэгийг нэрт хүүрнэн өгүүлэгч, гавьяат жүжигчин Г.Равдан уншиж үзэгч олны сонорт хүргэсэн.
Жил бүр уламжлал болсон “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлүүдийг олны хүртээл болгоход оршдог. Уг наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүдээ сойдог. 
Өнөө жилийн наадамд С.Пүрэв зохиолч тэргүүлсэн бол "Утгын чимэг-2017" наадмын дэд байрт зохиолч Н.Бадамжавын “Эрт нэгэн цагт”, гуравдугаар байрт Б.Баярсайханы “Даш гуай”, МУСГЗ Г.Жамъянгийн “Хань-галзуу” өгүүллэгүүд тус тус  шалгарлаа.  Мөн С.Оюуны “Тайгын зул цэцэг”, Ч.Баянсаны “Хадны захидал”, Г.Болормаагийн “Хүний нутгийн тэр”,  Д.Уранбилэгийн “Эхийн сэтгэл”, Ц.Бум-Эрдэнийн “Эргэлт” гэсэн бүтээлүүд тус тус шагналт байр эзэллээ.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ