Гурванбулаг сумын сургууль сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2017-12-22 11:17:17
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Гурванбулаг сумын бүрэн дунд сургуулийг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Ж.Гүррагчаа саяхан 70 нас хүрсэн бөгөөд төрөлх сумынхаа сургуульд 1956-1960 онд сурч байжээ.
Багадаа ном унших, зураг зурах, техник, спорт гээд олон зүйл сонирхдог байсан сурагч Хишиг-Өндөр, Булган сумын сургууль төгсөж, 1966 онд цэргийн албанд мордон, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд суралцан 1981 онд Байконурын сансрын буудлаас сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцад 7 хоног өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон, Монгол Улсын анхны сансрын нисгэгч юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ