top banner

Йеменд булчин задрах тахлаар өвчилсөн хүмүүсийн тоо 1 саяд хүрчээ


2017-12-22 10:19:24
Зураг
САНАА. /Шиньхуа/. Иргэний дайны хөлд нэрвэгдээд бараг гурван жил болж буй Йемен улсад холер буюу булчин задрах тахлын халдвар авсан хүмүүсийн тоо нэг саяд хүрлээ гэж Олон улсын улаан загалмайн хороо /ОУУЗХ/ мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

ОУУЗХ-ноос пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ оны дөрөвдүгээр сард холер тархаж эхэлснээс хойш уг өвчнөөр 2219 хүн нас барсны гуравны хоёр нь хүүхэд аж.
 
Йемений 27 сая гаруй иргэний бараг 80 гаруй хувь нь хоол тэжээл, цэвэр ус, эм тариа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаа гэнэ.
 
Тус улсад мөн энэ оны 10 дугаар сарын эхээр хоолойн сахуу хэмээх халдварт өвчин тархаж эхэлсэн юм. Энэ сарын 11-ний байдлаар, хүүхэд голдуу 244 хүн уг өвчний халдвар авсны 32 нь нас бараад байна. Сахууны вакцин дуусаж байна гэж тус улсын холбогдох албаны хүмүүс анхааруулжээ.

Булчин задрах тахал нь “Вибрио” хэмээх нянгаар бохирдсон хоол хүнс болон усаар дамждаг гэдэсний цочмог халдварт өвчин бөгөөд маш бохир орчинд хурдацтай тархдаг байна.
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд