top banner

"Сүхбаатар хөгжил-ҮТП"-ын дэргэд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан байгуулав


2017-12-22 10:11:29
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Саяхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан байгуулж түүнд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих тухай шийдвэр гарсан. Энэхүү сангийн талаар “Сүхбаатар хөгжил" үйлдвэрлэл технологийн парк орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын захирал Т.Шинэхүүтэй хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн  талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?
-Монгол Улсын жижиг дунд үйлдвэрийн тухай хууль 2007 онд батлагдсан. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах” гэж заасан байгаа. Энэ хуулийн заалт 10 жилийн дараа л Орон нутагт хэрэгжих эрх зүйн зохицуулалт хийгдэж байна гэж ойлгож болно.

-Сангийн эх үүсвэр хаанаас байх вэ? Хөрөнгөө хэрхэн бүрдүүлнэ гэсэн үг вэ?
-Журмаар бол улсын төсвөөс олгосон хөрөнгө, орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон хөрөнгө, гадаад улсын болон Монгол Улсын иргэн, байгууллага, хуулийн этгээдээс олгосон хөрөнгө, хандив, тусламж, Сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээлийн хүү, зээлийн эргэн төлөлт болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ гэсэн байгаа. Манай сангийн эхний санхүүжилт Цайрт минерил ХХК-аас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор аймгийн орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн 500 сая төгрөг санхүү, төрийн сангийн хэлтсээс орж ирсэн байгаа.
 
-Орон нутгийн тусгай сан байх юм байна. Тэгэхээр сангийн зарцуулалтанд хэн хяналт тавих вэ?
-Сан "Сүхбаатар хөгжил ҮТП" ОНӨААТҮГ-ын дэргэд байгуулагдаж байгаа. Тэгэхээр Төрийн аудит, Санхүүгий аудит, Санхүү төрийн сан, Аймгийн иргэдийн хурлаас гадна зээлийн гэрээний биелэлт, хөнгөлөлттэй зээл авсан иргэн, хуулийн этгээдийн төслийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, түүнтэй холбоотой ажлын тайланг хагас жил тутам Зөвлөлд танилцуулах үүргийг манай байгууллага хариуцан ажиллах юм. Үүнээс гадна журамд орсон нэг хатуу заалт бол хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг Зарлага санхүүжүүлэх бодлого барина гэсэн заалт юм. Ийм болохоор заавал хэрэгжих төсөл л сангаас зээл авах боломжтой гэсэн үг.
 
-Тэгвэл эхний санхүүжилт хийгдчихсэн юм байна. Тэгэхээр хөрөнгөө оруулах төслүүдээ шалгаруулж эхэлсэн байх?
-Тийм. Саяхан хуралдсан төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрээр шинээр ашиглалтанд орох оёдлын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөнд зориулан 150,0 сая, сүү боловсруулах үйлдвэрийн төсөлд 84,4 сая, хайрцаг сав багалаа боодлын үйлдвэрийн төсөлд 136,6 сая, дайвар бүтээгдэхүүний төсөлд 15,0 сая, Түмэнцогт сумын зөгийний аж ахуйн өргөтгөх төсөлд 59,0 сая, Сүхбаатар сумын ногооо даршлах, савлах төсөлд 56,0 сая төгрөг шийдвэрлэсэн байгаа.

-Сангийн гол зорилго, энэ сангаас яг ямар хүн сангаас дэмжлэг авах боломжтой юм бэ?
-Зорилго нь маш тодорхой. Монгол Улсын засгийн газрын 21:100 хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилтыг хангана л гэж заасан байгаа. Сүхбаатар аймагт шинээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх болон одоо эрхлэж байгаа үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилготой, жижиг дунд үйлдвэрийн талаар баримталж байгаа орон нутгийн бодлого, шийдвэрт нийцсэн төслийг сонгон шалгуулж хөнгөлөлттэй зээл олгоход зарцуулагдана. Энэ нөхцлийг хангасан, өөр санхүүгийн эх үүсвэр бүхий газарт хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй хэн боловч төсөл бичиж санд хандаж болно гэсэн үг.
 
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөл ямар байх вэ? 
-Энэ сангаас олгох хөнгөлөлттэй зээл нь дөрвөн хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, эхний жил үндсэн зээлээс чөлөөлөгдөхөөр журамд заасан байгаа. Зээлийн хэмжээ иргэнд 50,0 сая хүртэл, ААН-д 150,0 сая хүртэл төгрөг байна.

-Баярлалаа
Т.Одончимэг
 

Сурталчилгаа
Монгол брэнд