top banner

Эрүүл мэндийн явуулын үйлчилгээг гурван ээлжээр зохион байгуулжээ


2017-12-21 14:49:40
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ онд иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн анхаарч хөрөнгө оруулалт хийсэн байна. Алслагдсан сум, багийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх үзлэгийг 3 ээлжээр зохион байгуулж, 17 сум, 2 тосгоны 11381 иргэнд хүрч үйлчлэн, Нэгдсэн эмнэлгийн үндсэн мэргэжлийн эмч нар хөдөөгийн 15 наснаас дээш хамрагдвал зохих 26901 хүний 42.3 хувьд хүрч очиж үйлчилсэн байна.
"Элэг бүтэн-Алтайчууд" хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Элэгний хавдаргүй аймаг”  болох уриалгыг гарган, 40-65 насны 8731 иргэн буюу 88.4 хувийг элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулснаас “В” вирустэй 934, С вирустэй 1271 хүн оношлогджээ. С вирусийн эм ууж эдгэрсэн 47, эм ууж, эмчийн хяналтад байгаа 173, “В” вирусийн эм ууж эмчийн хяналтад 97 хүн байна. Элэгний С вирусын эмийн үнийн хөнгөлөлтөнд 398 хүний 83,5 сая төгрөгийг гэрээ бүхий эмийн сангуудыг санхүүжүүлжээ.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 нэр төрлийн 115 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Баян-Уул сумын сум дундын эмнэлэгт нийлүүлж, хойд бүсийн сумдын иргэдийн шүдний өвчлөлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Япон Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламж, Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 3,8 тэрбум төгрөгийн 42 нэр төрлийн 228 ширхэг тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж, хэвийн үйл ажиллагааг хангажээ. Мөн хөрөнгө нь шийдэгдээгүй байсан 50 ортой төрөх эмнэлэг болон Цээл сумын эрүүл мэндийн төвийн барилгыг бүрэн ашиглалтад орох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн хэрэгжүүлжээ.
Хөхморьт сумын эрүүл мэндийн төв, Баян-Уул сумын сум дундын эмнэлэг, Есөнбулаг сумын гурван өрхийн эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг, 31 багийн эмчийн унааг тус тус шинэчилсэн байна.
 
                                                                                                                          Ш.Цоодол

Сурталчилгаа
Монгол брэнд