top banner

ЕБС-ийн 37 удирдах ажилтан БНСУ-ын боловсролын салбарын туршлага судлав


2017-12-20 10:54:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хот, Ёжү хотын Боловсролын газар, Улаанбаатар хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд  нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан баг Сөүл хотын Боловсролын газрын урилгаар тус хотод айлчилж, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлал боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгах, тус улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ боломжийг судалсан, үр ашигтай айлчлал болов.

БНСУ-ын Боловсролын газрын дарга Чу Хи Ёнь төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, санал бодлоо  солилцон, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд багш нарын дунд сургалт зохион байгуулах,  ЕБС-ийн төгсөгчдийг тэтгэлэгт хамруулах, компьютер бэлэглэх зэрэг ажил хийсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгахын тулд танай улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ шинэ боломжууд бий болно гэдэгт эргэлзэхгүй буйгаа илэрхийлэв.

Төлөөлөгчид Сөүл хотын Боловсролын газрын номын сангаар айлчилсан юм. Тэрбээр тус хотод суралцдаг монгол хүүхдүүддээ зориулж ерөнхий боловсролын бага ангийн сурах бичгийн багцыг номын санд хандивлахаар болов.

Түүнчлэн Сөүл хот дахь Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн захирал И Ган Э-д талархлаа илэрхийллээ. Тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын тулгамдсан асуудлын нэг нь хүүхдүүдийн боловсролын талаарх асуудал байдаг. Энэ талд харамгүй сэтгэл гаргаж, тусалж байгаад талархаад хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүссэн юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас санаачлан Сөүл хотын Самюк эрүүл мэндийн их сургууль, Ёжү хотын их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн 37 удирдах ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгууллаа.

Сургалтад хамарсан удирдах ажилтнууд хөтөлбөрийн дагуу БНСУ-ын боловсролын тогтолцоо болон боловсролын салбарт гарч буй ололт амжилт, шилдэг туршлагатай танилцах танхимын сургалтад хамрахаас гадна БНСУ-ын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдээр зочилж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.

Мөн Монгол Солонгосын боловсролын байгууллагуудын хооронд шууд харилцаа хамтын ажиллагаа тогтоох бүтээлч ярилцлагууд өрнөж байлаа гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Монгол брэнд