top banner

Хүчирхийллийн эсрэг 500 гаруй иргэн нэгджээ


2017-12-20 02:00:42
Зураг
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд нийт 500 гаруй иргэнд мэдээлэл сурталчилгаа хийжээ. Мэдээлэл сурталчилгааг Завхан аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "SASA Завхан" клубын гишүүд хийсэн байна.
Тус клубын гишүүд өнгөрсөн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдээр Улиастай сумын нийтийн орон сууцны 130 иргэнд  "Айл хүний амь нэг" нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр иргэдэд хөрш айлдаа санаа тавих, ялангуяа хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдэд анхаарал хандуулах, хөршийн харилцаагаа сэргээх, биендээ туслах гэхчлэн хүүхэд хамгааллын зурагт хуудсыг 57 орцонд байрлуулжээ. Мөн гэр хорооллын 100 өрхийн 370 гаруй иргэн, төрийн албан хаагчдад аливаа хүчирхийллийн дэргэдүүр чимээгүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэдгийн илэрхийлэл болсон цагаан туузыг зүүн өгч энэхүү аяндаа нэгтгэжээ. Цагаан тууз зүүх нь хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.
Дашрамд Завхан аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд туслах Нэг цэгийн төв  Цагдаагийн газрын дэргэд ажилладаг юм. Энэ төвөөр өнгөрч буй жил давхардсан тоогоор 78 хүүхэд, 56 эмэгтэй үйлчлүүлж зөвлөгөө авчээ.
Б.Мягмарсүрэн 

Монгол брэнд