top banner

Тува улсаас арьсан эдлэл түлхүү захиалахаа мэдэгджээ


2017-12-19 23:51:24
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. "Завхан Эх нутаг" дундын хоршоо энэ жил 17 төрлийн 9600 орчим бүтээгдэхүүнийг ОХУ-ын Тува улсруу гаргаж борлуулжээ. Тус хоршоо нь Завхан нутгийн брэнд болсон САРТУУЛ хонины ноосоор бүх төрлийн эсгий болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн хөрсөнд ургуулсан органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ажээ.
Энэ жил тус хоршоо нь эсгий гутал, улавч, малгай, цүнх, гутал гэхчлэн бүтээгдэхүүнийг зөвхөн гар аргаар боловсруулж өнгө будаг, зураг, хатгамлаар чимэглэж бүтээгдэхүүнээ урлажээ. Энэхүү урласан бүтээгдэхүүнээ орон нутгийн болон хилийн үзэсгэлэн худалдаагаар сурталчилж, борлуулж байсан бол энэ жил захиалгын дагуу Тува улсруу гаргажээ. Тува улсаас эсгий ноосон оймс, цүнх, малгай, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, гэрийн шаахай, арьсан цүнх, тэлээ зэргийг захиалсан байна. Харин ирэх жилийн захиалгыг нэгдүгээр сараас авах бөгөөд энэ жилээс нэмэгдэх төлөвтэй байгаа. Гэхдээ арьсан эдлэлийн төрөл нэмэгдэх байх хэмээн “Завхан Эх нутаг" дундын хоршооноос мэдээлэв.
Дашрамд тус хоршоо мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зуучлан борлуулах, төмс хүнсний ногоо үрслэг тариалалт хадгалалт хамгаалалт, өргөн хэрэглээний барааны худалдаа, ноос ноосон бүтээгдэхүүн арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл худалдаа, газар тариалан хадлан тэжээл бэлтгэх, гадаад худалдаа, лизинг зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. 

Б.Мягмарсүрэн


Монгол брэнд