Буриадад зам тээврийн ослын улмаас Монгол хүүхдүүд бэртэж гэмтжээ

Дэлхийн мэдээ | Дэлхийд бидний тухай
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-19 19:30:32
МОСКВА. /РИА Новости/. Боксоор хичээллэдэг монгол хүүхдүүдийн сууж явсан бага оврын автобус ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад  суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн сурагч бэртэж гэмтсэн гэж Буриадын Сэлэнгэ дүүргийн Соёл, спорт, залуучуудын бодлого хариуцсан хорооны дарга Булат Доржиев мэдэгдсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.
 
Буриадын онцгой байдлын газрын эх сурвалж эхлээд мэдээлэхдээ "Улаан-Үүдээс Хиагт орох замд Монголын тамирчин хүүхдүүдийн сууж явсан бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлдсөн. Автобусанд 15 хүн, тэдний дотор Монголоос ирсэн 12 хүүхэд сууж явсан" гэж байсан юм.

Тэгвэл Булат Доржиевийн сүүлд өгсөн мэдээллээр, энэ осол нь Буриадын Сэлэнгэ дүүргийн Жаргалант болон Харгана суурин хоорондын А-340 зам дээр болжээ. Суудлын авто машины нэгэн зорчигч хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ