top banner

Баяндун сумын хэсгийн төлөөлөгч шилдгээр шалгарлаа


2017-12-18 16:34:23
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах улсын анхдугаар уралдаанд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Баяндун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон тэргүүн байр эзэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах уралдааны эцсийн шатанд 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцсон байна. Тэд эсээ бичих, гадаад хэл, хууль эрх зүйн мэдлэг, цагдаагийн байгууллагын цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлгээ, IQ чадвараараа өрсөлджээ. Мөн бие бялдрын бэлтгэлжилт, тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар шаардсан хэд хэдэн төрлөөр өрсөлдсөн байна.

Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулж, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. 
Д.Дэлгэрмаа

Сурталчилгаа
Монгол брэнд