top banner

Л.Билэгжаргал: Хуучин барилгыг худалдаж авахдаа 50 жил ашиглах эсэхийг нь харах хэрэгтэй


2017-12-18 14:01:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн удирдлагын их сургуулийн аспирантурт докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа барилгын инженер Л.Билэгжаргалтай барилгын салбарын норм, стандар, хөгжлийн талаар ярилцлаа. Монголын барилгын салбарт хувийн хэвшлээс эхлэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн, удирдах албан тушаалтан хүртэл 10 гаруй жил ажиллаж байгаа залуу боловсон хүчин. Тэрбээр  магистрын зэргээ ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн удирдлагын их сургуульд хамгаалсан юм.
-Барилгын салбарын стандартын талаар ярилцлагаа эхлэх үү? “Солонгос стандарт”, “Итали хийц”, “Канад технологи” гээд их ярьдаг болсон. Гэтэл гаднаас орж ирж буй эдгээр хийц, стандарт нь зарим талаар сөрөг үр дагавартай, манай улсын нөхцөлд нийцэхгүй байх шиг. Тэгэхээр Монголын нөхцөлд ямар стандартаар барилга барьвал илүү зохимжтой вэ?
-Стандарт гэдэг хүний тав тух, хэрэгцээг хангадаг зүйл. Харин технологи бол өөр. Жишээгээр тайлбарлая. Хашаанд амьдарч байсан Дорж орон сууцанд орно. Энэ бол хүний анхдагч хэрэглээ болсон орон сууцанд амьдрах хэрэгцээгээ л хангасан хэрэг. Тэгэхээр миний ойлголтоор Солонгос, Итали технологи гээд ярихаар хүний хоёрдогч хэрэглээ буюу мөнгөтэй хүний хэрэглээ үүсч байгаа юм. Манайхан “Дахин төлөвлөлтөөр нийтийг орон сууцжуулна" гэж ярьж байгаа шүү дээ. Үүн дээр Монгол Улсын бие даасан бодлого, стандарттай байх ёстой.Бид барилгын материалын үйлдвэрлэлийг сайжруулах, үнэ тогтворжуулах хөтөлбөр зарласан. Түүний хэрээр цементээ ямар ч байсан бусад улсаас гуйхааргүй болсон. Тэгээд тодорхой үе шаттай ажлын дүнд хаалга, цонхоо өөрсдөө үйлдвэрлэдэг зэрэг дэвшил гарсан. Тэгэхээр хашаанд байгаа хүн нэг бүрийг хямд, чанартай орон сууцанд оруулах, бодлого зөвхөн Монголынх байх ёстой. Тэрэнд Солонгос, Итали технологи хэрэггүй.

-Тансаг талаасаа бол тийм байх. Гэхдээ барилга барих явцдаа Итали, Солонгос гэх технологийг хуулж авч ирээд ашиглах нь зөв үү?
-Буруу. Зарим зүйлээрээ бид гаднынхны жишгийг дагаж болно. Тансаг хэрэглээ, шийдэл, архитектур, төлөвлөлт, барилгын технологийн найдвартай байдал гэх мэт. Түүнийг үгүйсгэхгүй. Гэвч дээр хэлсэнчлэн зөвхөн орон сууцанд орох гэж байгаа хүнд гадаад технологи, тансаг хэрэглээ ямар хэрэгтэй юм бэ. Үүн дээр төр бодлогоо гаргах хэрэгтэй.

-Барилгын чанар, түүний хугацааны асуудал их чухал л даа. Та 40, 50 мянгатын орон сууцыг газар хөдлөлтөд тэсвэртэй байлгах, орчин үеийн шаардлагад нийцүүлэх талаар эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгвэл Улаанбаатарт насжилтгүй болсон, актлагдсан барилга хэр их байдаг бол?
-Нэг, хоёрдугаар 40 мянгат, Төмөр замын хуучны барилга насжилтгүй болсон. Актлагдсан гэсэн үг. Би ОХУ-д магистр хамгаалахдаа 40, 50 мянгатын дөрвөн давхар байрыг аюулгүй байлгах талаар судалгаа хийсэн юм. Ерөнхий бодлогоор бол эдгээр барилгыг дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай гэсэн. Энэ зөв. Эдгээр барилгыг орчин цагийн шаардлагад нийцүүлж сэргээхийн тулд бараг буулгаад дахиад барьсан хэмжээний зарлага гарна. Гэтэл манайд маш олон түүхийн дурсгалт барилга байна. Жишээлбэл, Циркийн барилга ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. 40, 50 мянгатын орон сууц, музей зэрэг нь түүх агуулсан. Эдгээрийг бид авч үлдэхээс өөр аргагүй. Авч үлдэхийн тулд мөнгө зарахаас өөр замгүй. Улаанбаатарын зургаан дүүрэгт 151 мянга гаруй өрх орон сууцанд амьдарч байна. Нийслэлийн 14 хороололд 1965-2000 онд барьсан угсармал орон сууцны 1,077 блок барилга байна. Угсармал орон сууцанд Улаанбаатар хотын хүн амын 30 хувь нь амьдардаг. Угсармал орон сууц  олон жил ашиглагдаад ирэхээр барилгын хашилт, хийц хуучирч, муудан дулааны алдагдал их байдаг.


 
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРГЭЭ, ДАВТАМЖ НЭМЭГДЭЖ БАЙГААГ
БАРИЛГЫН ЧАНАР, СТАНДАРТАД ХАРГАЛЗАХ ЁСТОЙ

-Газар хөдлөлтийн аюулд тэсвэртэй байх нь шинээр барьж буй болон хуучирсан барилгуудын хувьд хамгийн чухал үзүүлэлт болсон. Энэ талаар судалгаанаасаа хуваалцаач?
-Нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хамгийн их хохирол учруулдгаараа газар хөдлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болдог. Газар хөдлөлтийн нөлөөнд тэсвэргүй барилга байгууламж, дэд бүтэц нь хүн амыг эрсдэлд оруулдаг. Ер нь барилгын шинжлэх ухаанд 1960 онд газар хөдлөлтийг шинжлэх ухаан гэж судалж эхэлсэн. Түүний норм дүрэм, анхны тооцоо тэр үед гарч эхэлсэн. Манай улсад ч гэсэн 1907, 1957 онд газар хөдөлсөн байдаг. Газар хөдлөлтийн хохирлын хэмжээг балл гээд байгаа юм. Саяхан Улаанбаатар, Сүхбаатар, Булган, Улиастай, Ховд, Улаангом, Даланзадгад, Орхон, Эрдэнэтийн нутаг дэвсгэрт инженер сейсмологийн иж бүрэн судалгаа хийж газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиосон. Энэ дүнгээс харахад төв, суурин газрын нутаг дэвсгэрийн хөрсний тогтцоос хамаарч газар хөдлөлтийн ерөнхий мужлалд тогтоосон үндсэн хэмжигдэхүүн өсөх магадлалтай болох нь тогтоогдсон. Энэхүү мужлал нь барилга байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй барих, хот тосгоны төлөвлөлтийн газар хөдлөлтийн аюулгүй бүсийг сонгох, хүчтэй газар хөдлөлт болоход нүүлгэн шилжүүлэх, авран хамгаалах арга хэмжээг төлөвлөх зэрэг асуудлыг шийдэхэд үндэслэл болдгоороо ач холбогдолтой юм.
Манай газар нутгийн 19.6 хувь нь ес, 30.6 хувь нь найм, 24.7 хувь нь долоон баллын газар хөдлөлтэй. Бүс нутгаар нь ангилбал, есөн баллын газар хөдлөлтөд хамаатай 91 бүс бий. Үүнд аймаг, сум орж байгаа юм. Найман баллд 80 хувь нь хамрагддаг. 2015 он гарсаар 163 удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн байдаг. Сүлжээ станцуудын ажиглалтын судалгаанаас харахад Монгол орны нутаг дэвсгэрт сард дунджаар 100-150, жилд 1,500-1,800 удаагийн сул болон мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт болж байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, 2005 онд 472 удаагийн давтамжтай газар хөдөлсөн байдаг бол 2014 онд 2126 болж өссөн байгаа юм.
Манай улсад хот суурин, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалт болж байгаа өнөө үед барилгын чанар стандартад энэ асуудлыг тусгах нь чухал. Мөн газар хөдлөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх мэргэжлийн алба байгуулах, газар хөдлөлтийн өндөр эрсдэл бүхий хот, суурин газар, бүсийн тулгуур төв болон зарим суурин газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой масштаб бүхий газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд багтдаг. Энэ тохиолдолд барилгын салбар ямар дүрэмд захирагдах ёстой вэ?
-Манайд газар хөдлөлтийн эсрэг техникийн баримт бичиг хангалттай байгаа. Эрхзүйн баримт бичиг ч хангалттай бий. Хамгийн тод жишээ нь Үндсэн хуульд зааснаар Монгол хүн амьд явах эрхтэй гэсэн үндсэн шаардлага. Бидэнд газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм, дүрэм байгаа. Стандарт ч бий. Харин эдгээрийг мөрддөг эсэх нь асуудал болсон. Түүнийг л би хэлэх гээд байна. Би барилгын салбарыг гурван эрин үед авч үздэг. Нэгдүгээрт, 1960 оноос өмнөх Улаанбаатар хот. Хоёрдугаарт, 1960 оноос хойших аж үйлдвэржилтийн үе. Тэр үед Монгол Улс барилгажиж эхэлсэн. Дорнод, Эрдэнэт, Дархан гэх мэт аймгийн төв тэр үед бий болсон. Гуравдугаарт, 2000 оноос хойших нийтийг барилгажуулах үйл явц. Тэр үеийг бид алдсан юм билээ. Барилгажуулах үндсэн зорилт хэрэгжсэн боловч бодлого алдагдсан.
Өнөөдөр зах зээл дээр дууссан, дуусаагүй хүлээж байгаа 80 гаруй мянган орон сууц байна. Салбар судалгаагүйгээр асар их бүтээн байгуулалт хийсэн байгаа биз. Тэрний муу үр дагавар одоо илэрч байна. 1960 оноос өмнөх барилга цагийн аясаар элэгдэлд орсон. Дараагийн 1960-1990 оноос хойших барилга нь хүний нөлөөтэй байдлаар газар хөдлөлтийн эрсдэлтэй болсон байгаа юм. Тэр нь юу гэхээр нэг давхрыг өргөтгөл болгоод нураадаг. Энэ нь тухайн барилгын бүтцэд их нөлөөлж байна.
Мөн мэргэжлийн, төлөвлөлтийн бус засварыг хийдэг. Тагтаа нураадаг, гал тогоо, том өрөөгөө нийлүүлж байна гэдэг ч юм уу. Үүнд оршин суугчдыг буруутгах арга байхгүй. Гагцхүү бид бодлогогүй л явсан байгаа юм.
Гурав дахь буюу 2000 оноос хойших барилга нь судалгаагүй баригдсан. Өнөөдөр иргэд орон сууц нэртэй барилгад байдгаа шавхаад л орж байна. Оронгуут цонх, шал, параа сольдог. Нэг үеэ бодвол гайгүй болсон. Саяхан хүртэл орон сууцныхаа ашигтай талбайг мэдэхгүй л явж байсан. 2009 онд л стандарт баталсан. Илүү талбай худалдаад авсан байдаг. Тэгсэн тэр нь чанаргүй байсан зэрэг бэрхшээл бий. Тиймээс би сүүлийн үеийн барилгын 70-80 хувийг муу барилга гэж боддог.
 

БҮРЭН ЦУТГАМАЛ ОРОН СУУЦ ИЛҮҮ ЧАНАРТАЙ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН
АЧААЛЛЫГ ХАНА БҮРТЭЭ АВДАГ

-Шинээр барьж буй барилга чанар муутай байгааг нийтээрээ шүүмжилдэг. Гэсэн хэрнээ үнэ нь тогтмол өссөөр байна. Барилгын үнэ гоё сайхандаа бус чанартаа шингэсэн байх нь зөв үү?
-Хуучин орон сууцууд ч Монголд их үнэтэй байдаг. Шинэ баригдсан барилгад 50 жилийн баталгаа өгч болно. Тэгвэл өнөөдөр яг шинийн дайтай үнээр авсан хуучин орон сууц 10 жилийн дараа байна гэдгийг хэн мэдэж байгаа юм. Тэгэхээр хуучин барилгын үнийг тогтоохдоо 50 жил ашиглах баталгаатай эсэхийг нь харах хэрэгтэй. Орост тоосгон, угсармал, модон гээд хийцээс нь хамаараад үнийг нь тогтоодог. “Хэзээ капитал засвар хийсэн”, “Хэдэн жил ашиглах ёстой юм” гэдгийг нь тогтоож байж үнээ тогтоодог. Гэтэл манайд төв зам дагуу байрлалтай, өргөтгөл хийх боломжтой байр өндөр өртөгтэй байдаг. Мөн хотын “А” зэрэглэл гэж ярина. Гортиг тавиад талбай тойрсон гурван километр радиустай барилгаа “А” бүс гэнэ. Практикаар бол хотын төв рүүгээ 15 минутад яваад ордог, мөн хугацаанд нэг автобус явах, сургууль, цэцэрлэгээс таван минут алхах зайтай газрыг “А” бүс гэдэг. Тэр нь заавал хотын төвтэй ойрхон байх албагүй. Харин манайх гортиг татаад “А” бүсээ тогтоож байна. Дэлхийд байхгүй хот байгуулалтын хаяг яриад байна.

-Хэрэглэгчийн үүднээс асуухад, орон сууц худалдан авахдаа барилгын юунд нь хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой вэ?
-Мэргэжлийн үүднээс тооцоолон судалгаа хийж үзэхэд бүрэн цутгамал орон сууц илүү чанартай. Газар хөдлөлтийн ачааллыг хана бүртээ авдаг. Карказ бол зөвхөн босгосон баганадаа ачааллаа авдаг. Хана нь ачаалал авахгүй. Манайд өндөр барилга барихыг хязгаарладаг. Асар их масстай учир хүчтэй газар хөдлөлтөд аюултай. Хотын төвд 40 давхраас өндөр барилга барьж болохгүй гэсэн заалт бий. Сайн тооцоон дээр үндэслээд 40 давхар барилга барьж болно. Манайд байр хоорондын зайн стандарт гэж байдаг. Гал түймэр , эрүүл ахуй болон нарны ээвэр талаасаа энэ стандартыг баримтлах ёстой. Үүнийг мөрдөхгүй байна. Эргэж харах шаардлагатай хэд хэдэн журам ч бий. Гол нь ард иргэдэд энэ талын зүйлийг танин мэдүүлэх нь чухал байгаа юм. Судалгаатай байх хэрэгтэй. Судалгааг дагаад бодлого байх ёстой.  Судалгаагаа сайн хийвэл барилгын салбарын бэрхшээлийг шийдэх өчнөөн боломж байна. Ерөнхийдөө манай бодлого гаднын туршлагад суурилаад явдаг. Энэ буруу биш. Гэхдээ улс орны өөрийн онцлог гэж байдгийг бодох хэрэгтэй.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 

Сурталчилгаа
Монгол брэнд