top banner

Орос улс Олимпыг бойкотлохгүй


2017-12-18 12:50:03
Зураг
Оросын тамирчид өвлийн Олимпын наадамд оролцохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон Оросын Олимпын хорооны /ООХ/ жил тутмын ээлжит цугларалтын үеэр Пёнчан-2018 Олимпын наадамд тус улсын тамирчид “Оросын Олимпын тамирчид” гэсэн нэрийн дор оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Хэдийгээр төрийн далбаа нь намирахгүй, алтан медаль авах үед нь улсынх нь сүлд дуулал эгшиглэхгүй ч гэсэн Оросын тамирчид Олимпын далбаан дор Пёнчанд очиж өрсөлдөхөөр шийдсэн байна. 

Ийм шийдвэр гарна гэдэг нь урьдаас ерөнхийдөө тодорхой байсан бөгөөд учир нь Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев болон бусад улстөрчид, өвлийн спортын төрлүүдийн холбоодын удирдагчид бүгдээрээ тамирчдаа Өмнөд Солонгос руу явуулахыг дэмжиж, Олимпыг бойкотлохгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Ерөнхийлөгч В.Путин Оросын шигшээ багийг Олимпод оролцуулахгүй гэсэн ОУОХ-ны шийдвэрт нэлээд хүлээцтэй хандаж, Олимпын далбаан дор Пёнчаны наадамд өрсөлдөх хүсэлтэй Оросын тамирчдад ямар нэгэн хориг тээг тавихгүй гэж мэдэгдэж байв.
 
Оросын тамирчдыг Олимпод оролцуулах шийдвэр гаргасан явдалд Пёнчан-2018-ын Зохион байгуулах хорооны дарга Ли Хи Бом баяр хүргээд “Олимпын хаалтын үеэр Оросын тамирчид төрийн далбаагаа барьж жагсч болно шүү дээ” хэмээн оросуудыг тайтгаруулжээ.
 
Яг одоогийн байдлаар, Оросын 208 тамирчин Пёнчаныг зорих нь тодорхой болоод байгаа ба энэ тоо цаашид өсч ч магадгүй, эсвэл буурч ч магадгүй юм. Учир нь, Оросын тамирчдаас хэнийг нь Олимпод оролцуулах вэ гэдгийг ОУОХ шийдэж, тэдэнд урилга илгээх аж.  
 
Үүнтэй холбогдуулан, ООХ-ны Тамирчдын зөвлөлийн дарга, туялзуур жадны Олимпын аварга Софья Великая мэдэгдэхдээ “Олимпод оролцохоос татгалзсан тохиолдол ганц ч гараагүй” гэдгийг онцлон дурдлаа.
 
Олимпын аварга, солонгос гаралтай тэшүүрчин Виктор Ан “хэрвээ Орос улс Олимпыг бойкотлохгүй бол би Олимпын тугийн дор тэмцээнд оролцоно. Би Олимпод бүтэн дөрвөн жилийн турш бэлтгэсэн, нөр их хөдөлмөрөө зүгээр л ингээд хаячих хүсэлгүй байна” гэжээ.

“Олимпод заавал оролцох ёстой. Оролцохоос татгалзана гэдэг бол бууж өгсөнтэй адил. ОУОХ манай улсын шигшээг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргана гэдэг нь анхнаасаа л ойлгомжтой байсан. Тамирчид маань Олимпод оролцох аваас энэ нь улс орныг нэгтгэнэ” гэж нэрт хоккейчин Илья Ковальчук фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

Үүний зэрэгцээ ОУОХ-ны шийдвэрт дургүйцэн уур бухимдлаа илэрхийлсэн оросуудын  сэтгэгдлүүд нийгмийн сүлжээг дүүргэлээ. 
 
Энэ сарын 5-ны өдөр Швейцарийн Лозанна хотод хуралдсан ОУОХ-ны Гүйцэтгэх хороо “Орос улсын шигшээ багийг Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн Олимпын наадамд оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан нь нийгмийн сүлжээнд бухимдал үүсэх шалтгаан болсон юм. Эл шийдвэр нь Оросын иргэдийн дунд ширүүн мэтгэлцээн үүсгэж, тэднийг “Олимпыг бойкотлох хэрэгтэй”, “Пёнчанд очиж өрсөлдөх хэрэгтэй” гэж үзэж буй хоёр хэсэг болон талцахад хүргэлээ.

Хэдийгээр Оросын шигшээг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн боловч сэргээшийн асуудалд холбогдоогүй Оросын тамирчид Олимпын тугийн дор Пёнчаны наадамд оролцохыг ОУОХ зөвшөөрлөө. Ингэснээрээ Оросын Олимпын хорооны гишүүнчлэлийн эрхийг хасчээ гэж ойлгож болно. Бүр тодруулбал, Оросын спортын салбарын албан тушаалтнуудыг Олимпын арга хэмжээнд оролцуулахгүй, Олимпын нээлтийн үеэр Орос улсын төрийн далбааг мандуулахгүй, Оросын тамирчид алтан медаль авсан тохиолдолд төрийн дуулал нь эгшиглэхгүй гэсэн үг. Түүнээс гадна, Олимпын тэмцээн уралдааны албан ёсны дүнгийн хүснэгтэд Оросын багийн хүртсэн медалийн тоог “О” гэж бичих гэнэ.
 
Мөн Оросын тамирчдын өмсөх хувцсан дээр үндэсний онцлогийг тусгасан бэлгэ тэмдэг хадахыг ОУОХ хориглосон байна. Тодруулбал, Орос улсын төрийн сүлд ба Оросын Үндэсний Олимпын хорооны бэлгэ тэмдгийг Олимпын таван цагаригаар солих, «RUS» гэсэн товчлолыг «Olympic Athlete from Russia» гэсэн үгээр солих, «Team Russia» гэсэн тэмдэглэгээг тамирчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, спортын хэрэглэл дээр тавихгүй байх гэх мэт шаардлагуудыг тавьжээ.
 
Ийм хатуу шийтгэлийг оногдуулахынхаа өмнө ОУОХ-ын Гүйцэтгэх хороо хуралдаж, Сочигийн Олимпод оролцсон Оросын тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээний дээжийг дахин шалгах үүрэгтэй Денис Освальд, Самуэль Шмид нараар ахлуулсан комиссын тайлантай танилцсан байна. Оросын тамирчид сэргээшийн асуудалд холбогдсон талаарх илүү дэлгэрэнгүй тойм нийтлэлийг http://montsame.mn/read/68468 холбоосоор орж үзнэ үү.

Д.Освальдын тэргүүлсэн комисс нь Сочигийн Олимпын үеэр сэргээшийн шинжилгээний сорьцыг нууцаар сольж байсан эсэхийг шалгасан бол С.Шмидийн комисс нь сэргээштэй холбоотой зөрчилд төрийн байгууллагууд оролцсон эсэхийг шалгажээ.

Аль нэг улсын Үндэсний Олимпын хорооны гишүүнчлэлийг сэргээштэй холбоотой асуудлаар зогсоож байсан тохиолдол дэлхийн спортын түүхэнд огт гарч байгаагүй юм. Харин Оросын шигшээ багийг Олимпод оролцуулахгүй гэсэн нь анхных болж байна.

Оросын Төрийн Думын депутат В.Жириновский ОУОХ-ны шийдвэрийг “спортын салбар дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл” гэж нэрлээд “удахгүй болох Оросын Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулан хийж буй улс төрийн өдөөн хатгалга” гэж дүгнэсэн байна.

Шигшээ багуудыг Олимпоос хасч байсан тохиолдлууд

Сэргээшээс өөр асуудлаар Үндэсний Олимпын хороодын эрхийг хасч байсан тохиолдол хэд хэд бий. Тухайлбал, Энэтхэгийн шигшээ багийг Сочи-2014 Олимпын наадамд, Кувейтийн багийг “Рио-2016” наадамд оролцуулаагүй билээ. Учир шалтгаан нь, тухайн хоёр улсын төр засгийн зүгээс Олимпын хороодын үйл ажиллагаанд эрээ цээргүйгээр хөндлөнгөөс оролцож байсантай холбоотой аж. Дээрх шийдвэр гарснаар Энэтхэг, Кувейтийн тамирчид Олимпын далбаан дор уралдаан тэмцээнд оролцсон байна. Гэхдээ Энэтхэгийн Үндэсний Олимпын хорооны гишүүнчлэлийг Олимпын наадмын үеэр сэргээснээр нэг тамирчин нь Олимпын тугийн дор тэмцээнд оролцсон бол нөгөө хоёр нь улсынхаа нэрийн өмнөөс өрсөлджээ.



Өөр нэгэн тохиолдлыг дурдая. 1992 онд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын шигшээ баг Олимпын тугийн дор тэмцээнд оролцож байсны учир нь, тухайн үед ЗХУ задарч, түүний орон зайд шинээр байгуулагдсан улс орнуудад спортын салбарын удирдах байгууллага үүсэн бий болоогүй байсантай холбоотой.
 
Түүнээс гадна, Олимпын Хартийн зарчмыг мөрдөх үүднээс дүрвэгчдийг төлөөлсөн 10 тамирчныг Олимпын далбаан дор “Рио-2016”-д оролцуулж байсныг эргэн санацгаая.
 
Олимпын түүхийг цааш нь ухаж төнхвөөс, улс төрийн шалтгаанаар зарим улс орны тамирчдыг Олимпын тоглолтод огт оролцуулалгүй хассан тохиолдол хэд хэд бий. Тухайлбал, дэлхийн I дайныг өдөөсөн Герман, Австри, Унгар, Турк, Болгар улсыг 1920 оны Антверпений Олимпын тоглолтод оролцуулаагүй байна. Мөн дэлхийн II дайныг өдөөсөн Герман, Япон хоёрыг 1948 оны Лондонгийн Олимпод оролцуулсангүй.
 
Түүнчлэн, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого явуулж байсан ӨАБНУ-ыг 1964 оны Токиогийн Олимпод оролцуулаагүй байна.
 
2000 оны Сиднейн Олимпод Афганистаны тамирчдыг оролцохыг хориглосон шалтгаан нь тухайн үед төрийн эрхийг барьж байсан талибууд эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, тэднийг спортоор хичээллэхийг хориглож байсантай холбоотой аж.
 
“Первый канал” суваг Пёнчан-2018-ыг үзүүлнэ
 
Оросын телевизийн «Россия 1», «Первый канал», «Матч ТВ» гэсэн гурван суваг Олимпын наадмын уралдаан тэмцээнүүдийг шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байсан боловч Оросын шигшээг Олимпод оролцуулахгүй гэсэн шийдвэрийг ОУОХ гаргасны дараа Пёнчан-2018-ыг дамжуулахаас татгалзсан тухайгаа мэдэгдэж байсан юм.
 
Харин хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Оросын тамирчид Олимпын далбаан дор Пёнчанд өрсөлдөнө гэсэн шийдвэр гарсны дараа “Первый канал” суваг зөвхөн өөрийн тамирчид оролцох уралдаан тэмцээнүүдийг шууд дамжуулахаар болсон байна. 
 
Пёнчан-2018-ыг зохион байгуулагчдад тулгарч буй бэрхшээлүүд

Зуны Олимпын наадамд 200 гаруй улсын тамирчид оролцдог бол өвлийнхөд хамгийн ихдээ 80 орон оролцдог. Ойр ойрхон хоёр жил тутамд өвөл, зуны Олимпууд ээлжлэн болж байгаа нь үзэгчдийг залхаах шинжтэй болсон энэ цаг үед тэртэй тэргүй цөөхөн орон оролцдог өвлийн Олимпын наадмаас гол өрсөлдөгч улсыг хасах нь түүний ач холбогдлыг бууруулсан хэрэг болох байлаа.  

Спортын шинжээчдийн үзэж байгаагаар, Орос улс бол өвлийн спортын төрлүүдэд онцгой анхаарал тавьдаг цөөхөн хэдэн орны нэг бөгөөд тус улсын тамирчид оролцоогүй тохиолдолд уран гулгалт, цана, биатлон, бобслей, хоккейн тэмцээнүүд үзэгчдийг татаж чадахгүй нь ойлгомжтой. Үүн дээр нэрмээс болсон нэг зүйл гэвэл, Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ удирдлага тоглогчдоо Пёнчан руу явуулахгүй гэж шийдвэрлэсэн нь Пёнчан-2018-ыг үзүүш муутай болгож магадгүй юм.

Үүнтэй холбоотойгоор тасалбарын борлуулалтын асуудал зохион байгуулагчдын санааг зовоож байна. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар, Олимп хүртэл 60 гаруйхан хоног үлдээд буй үед нийт 1,1 сая ширхэг тасалбараас 578 мянган ширхэг буюу 54 хувь нь борлогдоод байгаа аж.



Пёнчан-2018-ын үеэр тохиолдох өөр нэгэн бэрхшээл гэвэл, Олимпын хаалт болон нээлтийн ёслолын үеэр хүчтэй салхилж, -14 хэм хүрч хүйтрэх бололтой байна. Лиллехаммерын Олимпын үеэр 1994 онд -11 градус хүйтэн байснаас хойш ингэж хүчтэй хүйтэрсэн тохиолдол гараагүй аж. Пёнчан хотын 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг дээвэргүй барьсан учраас салхинаас хамгаалах хаалт босгох бололтой.

Түүнээс гадна, Солонгосын хойгт байдал түгшүүртэй болсон нь зарим орны тамирчид аюулгүй байдлын үүднээс Пёнчанд ирэхгүй байж магадгүй гэсэн түгшүүр төрүүлж байна. Гэхдээ Олимпод очихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн улс орон одоогоор алга.

Б.Адъяахүү
 

Сурталчилгаа
Монгол брэнд