top banner
Шуурхай мэдээ

Аймгийн Засаг дарга Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан суманд ажиллав


2017-12-15 15:55:52
Дундговь /МОНЦАМЭ/ Aймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ мал, тэжээвэр амьтдын тооллогын явцад хяналтын тооллогын ажлын хэсгийнхэнтэй сумдад ажиллаад ирлээ. Тэрбээр Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан суманд ажиллажээ.
Ажлын хэсэгт Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ариунжаргал, ХХААГ-ын МАА-н албаны мэргэжилтэн Ж.Батбилэг нар хамтран ажиллаж мал тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай сумын ЗД-ын захирамж, тооллого зохион байгуулах комисс байгуулсан эсэх, мал тоолуулсан өрхийн тооллогын картын хөтлөлт зэргийг шалгаж, хөдөөгийн өрхөд газар дээр нь очиж малыг нүд үзэн тоолох ажлыг зохион байгуулж, багийн дарга нарт программд шивэх талаар заавар зөвлөгөө өгчээ.
Мөн хяналтын үеэр мал тооллогын ажилд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй байна.
Түүнчлэн ажлын хэсгийнхэн "Улсын аварга малчин"-д тодорхойлогдсон Гурвансайхан сумын малчин н.Бархас, Баянжаргалан сумын малчин н.Рэгзэн, Өндөршил сумын малчин Ё.Дашжамц нарын хотонд очиж ажил, ахуйтай нь танилцаж ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Батбилэг тодорхойлолтонд бүрдүүлсэн бичиг баримтын бүрэн эсэхийг шалган тулгаж, зөвлөгөө өгөв.
Дээрх гурван сумын нутагт Хэнтий, Төв аймгуудаас отрын айлууд нэлээн байгаа ажээ. Тиймээс отор нүүдлээр ирж байгаа малчин өрхийн тоо, малын тоо зэргийг нарийн судалж гаргах, цаашид нэмж отрын айл оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Засаг дарга О.Бат-Эрдэнэ гурван сумдын удирдлагад даалгалаа.
Мал тооллогын урьдчилсан дүнгээс үзэхэд Гурвансайхан суманд 11, Өндөршил суманд 5, Баянжаргалан суманд 4 малчин шинээр Мянгат малчны болзол хангасан байна. Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан сумын нутгаар одоогоор өвөлжилт өнтэй, бэлчээр өвс сайтай, цаг агаар харьцангуй дулаахан малчдын сэтгэл тэнэгэр сайхан байна.
 Т.Отгонтуяа

Монгол брэнд