top banner
Шуурхай мэдээ

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэв


2017-12-14 12:37:06
Зураг
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк бодлогын хүүгээ  0.25 хувиар нэмсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ. Тус банк 2017 он гарснаас хойш бодлогын хүүгээ гурав дахь удаагаа нэмж буй нь энэ юм.

Холбооны нөөцийн сангаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “Банкны бодлого боловсруулагчид хоёр өдөр хуралдсаны эцэст бодлогын хүүг 0.25 хувиар нэмсэн. Өөрөөр хэлбэл, энэ ондоо хүүгийн түвшинг 1.25-1.5 хувьд барихаар тохиролцсон” гэжээ.

Мөн тус банк 2017 он болон 2018 онд ДНБ-ээ 2.1 хувиар өснө гэж таамаглаж байсан бол уг таамгаа  2.5 хувь болгон нэмэгдүүлсэн байна.

Ирэх оны хоёрдугаар сард үүрэгт хугацаа нь дуусгавар болж, Холбооны нөөцийн сангийн тэргүүний суудлаа өгөх гэж буй хатагтай Жанет Йеллен хэлэхдээ “Хөдөлмөрийн зах зээл “хүчтэй”, иргэд болоод бизнес эрлэгчдийн санхүүгийн чадамж сайжирч буй учир бодлогоын хүүг нэмэх шийдвэр гаргалаа. Намайг захирагч болсноос хойш АНУ-ын эдийн засаг сэргэж, тодорхой хувиар тогтвортой өссөөр байна. Манай улсын эдийн засгийн ирээдүй гэрэлтэй байна” гэжээ.

АНУ-ын Төв банкны бодлого боловсруулагчид ирэх онд хүүг 3 хувьд хүргэн нэмж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Саяхнаас баг багаар буурч эхэлсэн инфляцийн түвшинг нухацтай ажигласнаар тэд бодлогын хүүгээ нэмж магадгүй.

Г.Доржханд
 


Монгол брэнд