top banner
Шуурхай мэдээ

"Гүүгл" компани Хятадад хиймэл оюун ухааны судалгааны төвөө нээнэ


2017-12-13 17:17:22
Зураг
ВАШИНГТОН. /АП/. Хайлтын системийг нь ашиглахыг хориглодог хэдий ч “Гүүгл” компани Хятад улсад хиймэл оюун ухааны судалгааны шинэ төвөө нээх гэж байна.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, “Гүүгл” компанийн төлөөлөгч өнөөдөр Шанхай хотноо болсон програм хангамж хөгжүүлэгчдийн уулзалтын үеэр “Бид Бээжин хотод хиймэл оюун ухааны судалгааны төвөө удахгүй нээнэ. Манай судалгааны төв нь Ази тив дэх энэ чиглэлийн судалгааны анхны байгууламж байх болно. Энэ төв нь орон нутгийн авъяаслаг залуучуудыг ажлын байраар хангах болно” гэжээ. Тус төвд   цөөн тооны судлаач Хятадад буй "Гүүгл"-ийн хэдэн зуун инженерийн дэмжлэгтэйгээр судалгаа явуулах аж.

Дэлхийн анхны технопарк буюу технологийн паркийн өлгий нутаг болох АНУ-ын Цахиурын хөндий нь сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Хятад улс ч хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа явуулснаар автомат жолоодлоготой автомашин, автоматжуулсан үйлдвэрүүдээс эхлүүлээд орчуулга хийж, нүүр царай таних чадвартай янз бүрийн төхөөрөмжүүдийг улам бүр боловсронгуй болгох боломжтой юм.

Хятадад “Гүүгл” компанийн нийтдээ 600 ажилтан бүхий хоёр салбар одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэсэн хэдий ч тус компанийн хайлтын систем болон бусад үйлчилгээг ашиглахыг Хятадад хориглосон хэвээр байна.
Г.Доржханд

Монгол брэнд