top banner

“Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшигчдийг зарлалаа


2017-12-12 18:36:38
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ирэх оны нэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Калифорни муж улсын Беверли-Хилс хотод болох 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлалаа. Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” кино энэ жил нийт долоон төрөлд нэр дэвшээд байгаа тухай ТАСС агентлаг мэдээллээ.  

Хамгийн гол төрөл болох “Шилдэг кино” төрөлд Их Британийн кино найруулагч Кристофер Ноланы дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх “Дюнкерк” (Dunkirk), Италийн найруулагч Луки Гуаданьиногийн “Намайг өөрийнхөө нэрээр дууд” (Call Me by Your Name), Америкийн найруулагч Стивен Спилбергийн “Нууц баримт” (The Post) болон Мексикийн кино найруулагч  Гильермо дель Торогийн “Усны хэлбэр” зэрэг кино тус бүр нэр дэвшээд байна.

Харин “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Оросын кино найруулагч Андрей Звягинцевийн “Хайр үгүй”, Чилийн найруулагч Себастьян Лелиогийн “Гайхамшигтай бүсгүй”, Америкийн жүжигчин, кино найруулагч Анжелина Жолигийн найруулсан “Эхлээд тэд миний эцгийг хөнөөсөн”, Каннын кино наадмын гол шагналыг хүртсэн Шведийн найруулагч Рубен Эстлундын “Талбай” болон Германы кино найруулагч Фатиха Акинагийн “Зааг дээр” зэрэг кино нэр дэвшжээ.

“Шилдэг инээдмийн болон мюзикл кино” төрөлд Америкийн жүжигчин, кино найруулагч Жеймс Франкогийн “Гамшгийн уран бүтээлч”, Жордан Пилагийн “Тонил цаашаа”, Майкл Грэйсигийн “Аугаа Шоучин”, Грет Гервигийн “Хатагтай шувуу” болон Крэйга Гиллеспийн “Би, Тоня”  зэрэг кино нэр дэвшээд байгаа аж.
Э. Аянзаяа



Сурталчилгаа
Монгол брэнд