Манай улс шатахууны 38 хоногийн нөөцтэй байна

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2017-12-12 15:24:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс шатахууны ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй байна.

Улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 104.62 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 78, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 20 хоногийн нөөцтэй байгаа юм. 

Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг энэ оны 7, 10 дугаар саруудад үе шаттайгаар сэргээхээр тохиролцсон. Энэ хүрээнд Засгийн газрын өнгөрсөн сард Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тогтоохоор шийдвэрлэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөрдөж эхлэхээр болсон.
Б.Заяа
Холбоотой мэдээ