top banner

С.Баатаржав: Цагдаагийн алба хаагчид улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид байх ёстой


2017-12-12 11:37:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтнуудтай цахим хурал хийж, тодорхой үүрэг, ажлын чиглэл өгч, цаашид өндөр шалгуур, шаардлагыг тавьж ажиллахаа мэдэгдлээ.

"Алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч, улс төр, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байж, гагцхүү хуулийн хүрээнд шударгаар ажиллах ёстой гэдгийг тэрбээр хурлын эхэнд онцолж, цагдаагийн байгууллагын нэр хүндийг өргөх, иргэд, олон нийтийн цагдаад итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд алба хаагч бүр ухамсартай, хичээл, зүтгэл гаргаж, ёс зүйтэй, шударгаар ажиллахыг үүрэг болгов.

Ажлын үр дүн гаргадаггүй, албан тушаалтнууд өөрсдийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийхийг анхааруулав. Цаашид дарга нарын ажлыг дүгнэхдээ бодитой шалгуур үзүүлэлтээр, чадамж, ажил хариуцаж байгаа байдал, алба хаагчдынх нь болон хариуцаж буй нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтийн санал хүсэлтийг харгалзан үзэх бодлого чиглэл барихаа мэдэгдсэн юм.

Удирдах албан тушаалтнуудыг алба хаагчидтайгаа ойр ажиллаж, тэдний сэтгэлзүйн байдлыг тандаж, идэвхжүүлэх, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь судалж, шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах, холбогдох дээд шатны байгууллагад уламжлах зэргээр нийгмийн болон бусад баталгааг хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн хариуцсан нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг мөрдүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь та бүхний хэнтэй ч хуваалцахгүй үүрэг" хэмээн онцолсон юм.

Хурлын төгсгөлд тэрбээр, “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлагын зүгээс  зөвхөн ажлаа хийж чаддаг, мэддэг, мэргэшсэн чадварлаг алба хаагчийг дэмжинэ. Тиймээс ажил үүрэгтээ улам хариуцлагатай хандаж, алдаа дутагдал, хийдэл гаргахгүй ажиллах хэрэгтэй” хэмээв.
Ч.Ариунболд

Монгол брэнд