top banner

В.Путин Сириэс цэргүүдээ татахыг үүрэг болгов


2017-12-11 19:35:04
Зураг
ДАМАСК. /Спутник/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сири улсаас цэргүүдээ хэсэгчлэн татахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон тухай “Спутник” агентлаг мэдээллээ.

В.Путин өнөөдөр Сири дэх Оросын агаарын цэргийн хүчний баазад гэнэтийн айлчлал хийж, Сири улсын Ерөнхийлөгч Башар Аль-Асадтай уулзсан байна.

В.Путин айлчлалын үеэр мэдэгдэл хийхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Орос болон Сирийн цэргүүд террористуудын эсрэг хамтдаа тэмцсэн. Харин өнөөдөр би Сирид буй цэргүүдээ татаж эхлэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргад үүрэг болгосон. Хэрвээ террористууд дахин толгойгоо өндийлгөвөл Оросын армийнхан тэдэнд дахиж хэзээ ч үзэгдэхгүй болтол нь цохилт өгөх болно. Бид террористуудын гарт амиа алдсан хүмүүсийг мартах учиргүй” гэжээ.
 
Оросын дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн оны 12 дугаар сард хойд нутгийн Алеппо хотоо террористуудаас бүрэн чөлөөлсөн билээ. Тус хот нь Сирийн засгийн газрын эсрэг хүчнийхний гол түшиц газар байсан юм.

2011 онд засгийн газрын эсрэг жагсаал хийсэн ардчиллыг дэмжигчдийг Сирийн засгийн газар цэргийн хүчээр дарах гэж оролдсоноор тус улсад иргэний дайн дэгдэж байв. Үүнийг далимдуулан лалын босогчдын "Лалын улс" тэргүүтэй террорист бүлэглэлүүд тус улсад нөлөөгөө бэхжүүлсэн юм. 

Г.Доржханд

Монгол брэнд