2017 оны Нобелийн шагнал эздэдээ очлоо

Дэлхийн мэдээ | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2017-12-11 09:28:06
СТОКГОЛЬМ. /Киодо/. Нобелийн шагнал гардуулах ёслол Шведийн нийслэл Стокгольм хотод 12 дугаар сарын 10-ны /Альфред Нобелийн нас барсан өдөр/ ням гарагт буюу өчигдөр болж өнгөрлөө.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, физик, хими, физиологи-анагаах ухаан, утга зохиол болон эдийн засгийн салбарын Нобелийн шагнал гардуулах ёслол Стокгольм хотын нэгэн концертын танхимд орон нутгийн цагаар ням гарагийн үдээс хойш 4:30 цагт эхэлсэн бол Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор Норвегийн нийслэл Осло хотод болсон байна.

Шагнал гардуулах ёслолын танхимд Нобелийн шагналын эздээр тодорсон эрхмүүдийг Вольфганг Амадей Моцартын зохиосон хөгжмийн аялгуунд угтан авчээ.

Нобелийн сангийн ТУЗ-ийн тэргүүн, профессор Карл-Хенрик Хельдин нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ “Бодит байдал, зөв сэтгэлгээг сорьсон буруу бодол, болчимгүй үйлдэл дэлхий дахинд газар авч байна” гэж хэлээд, Мьянмарт үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын үндсэн эрхийг зөрчиж байна гэж анхааруулсан байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Альфред Нобель бол хүмүүс аливаа асуудлыг хүмүүнлэг ёс ба бодит байдалд тулгуурлан шийдвэрлэх хэрэгтэй гэж үздэг хүн байсан. Түүний энэ үзэл санааг дагаж мөрдөх нь өнөөгийн дэлхий ертөнцөд хамгийн чухал юм” гэжээ. 

Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр фикик, хими, физиологи-анагаах ухаан, утга зохиол, энх тайван ба эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 116 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон түүхтэй. Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 1.1 сая ам. доллар дагалддаг юм.
 
 2017 оны Физикийн салбарын Нобелийн шагнал:

Энэ оны Физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр Альберт Эйнштэйний таамаглаж байсан татах хүчний долгион байдгийг туршилтаар баталж чадсан Райнер Вайсс, Барри Бэриш болон Кип С. Торн гэсэн Америкийн гурван эрдэмтэн хүртлээ.


 
2017 оны Химийн салбарын Нобелийн шагнал:

Химийн салбарын Нобелийн шагналыг биомолекулыг хөдөлгөөн дунд нь хөлдөөж, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй молекулын үйл хөдөлгөөнийг харах боломжийг судлаачдад олгосон крио-электрон микроскоп зохион бүтээсэн Швейцарийн биофизикч Жак Дюбоше, герман гаралтай Америкийн биофизикч Иоахим Фрэнк болон Шотландын молекулын биологич бөгөөд биофизикч Ричард Хендерсон нар хүртсэн юм.


 
2017 оны Физиологи-Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал:

Энэ оны Физиологи-Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүний бие судлалын салбарын нээлтээрээ буюу “хоногийн хэмнэлийг хянах молекулын механизм”-ыг судалсан Жеффри К. Холл, Майкл Росбаш, Майкл У. Янг  гэсэн Америкийн гурван генетикч-биологич хүртлээ. 



2017 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагнал:

Энэ оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүний дотоод сэтгэлийн мөн чанар, өнгөрсний тухай, өнгөрсөнд ямар байсан хүмүүс өнөөдөр чухам хэн болоод байгаа тухай өгүүлдэг “Өдрийн үлдэгсэд” болон бусад романаараа япон гаралтай, Их Британийн зохиолч Казүо Ишигүро хүртлээ.
 

2017 оны Нобелийн Энх тайвны шагнал:

Цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах, тухайлбал цөмийн зэвсэг үйлдвэрлэж, турших, цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэхийг хориглохыг уриалж, энэ чиглэлээр кампанит ажил өрнүүлдэг “Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” хэмээх олон улсын төрийн  бус байгууллагуудын эвсэл /ICAN/ энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг  хүртлээ.


 
2017 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагнал:

Энэ оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг  зан төрхийн эдийн засгийн /behavioral economics/ салбарт хийсэн судалгаагаараа буюу хүмүүсийн зан төрх нь эдийн засгийн шийдвэр гаргахад болон зах зээлийн үр ашигт хэрхэн нөлөөлдгийг судалсан Чикагогийн их сургуулийн эдийн засагч Ричард Х.Талер хүртлээ.



Орчуулсан Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ