top banner

2030 он гэхэд сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна


2017-12-08 15:53:10
Зураг
ЖЕНЕВ. /Шиньхуа/. Дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүсийн тоо 2030 он гэхэд одоогийнхоос гурав дахин нэмэгдэх хандлагатай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

Сэтгэцийн олдмол өвчин гэдэг нь хүний ой ухаан, танин мэдэхүйн чадвар, зан аашт сөргөөр нөлөөлж, өдөр тутмын хэвийн амьдралыг алдагдуулахад хүргэдэг олон тооны өвчний ерөнхий нэр томъёо юм.

Энэ төрлийн өвчний нэг нь Альцгеймерын өвчин юм. Энэ нь өндөр настай хүмүүст тусдаг хамгийн түгээмэл сэтгэцийн олдмол өвчнүүдийн нэг. Альцгеймерын өвчин туссан тохиолдолд тархины эсүүд үхжиж, сэтгэцэд өөрчлөлт орж, ой санамжаа алдаж,  бусдын яриаг ч ойлгохоо больдог аж. Энэ өвчин нь сэтгэцийн олдмол өвчний нийт тохиолдлын 60-70 хувийг эзэлж байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, өнөөдөр дэлхий дахинд сэтгэцийн олдмол өвчтэй 50 сая хүн байгаа бол энэ тоо 2050 он гэхэд 152 сая болж нэмэгдэх төлөвтэй байна. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчлэхэд дэлхий дахин жилд дунджаар 818 тэрбум ам.доллар буюу нийт улс орны ДНБ-ий 1 гаруй хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө зарцуулж буй бол 2050 он гэхэд энэ төрлийн өвчний эмчилгээний зардал хоёр гаруй дахин нэмэгдэн 2 их наяд ам.долларт хүрэхээр байна. "Ийм их мөнгийг нэг төрлийн өвчний эмчилгээний зардалд зарцуулна гэдэг нь улс орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжил тодорхой хэмжээгээр хойш татагдана гэсэн үг" гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хэлжээ. Мөн тэрбээр хэлэхдээ “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо жилд бараг 10 саяар нэмэгдэж байна. Үүний зургаан сая орчим нь бага болон дунд орлоготой улсуудын иргэд байна” гэжээ.

Сэтгэцийн олдмол өвчин туссан хүмүүсийг эмчлэх арга төдийгүй ийм өвчин тусахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чиглэлээр судалгаа хийж, энэ асуудалтай тэмцэх дорвитой арга хэмжээ авахыг ДЭМБ олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
 
 Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд