top banner

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг огцруулах шийдвэр гаргажээ


2017-12-08 09:44:15
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг энэ сарын 4-ний өдөр хуралдуулахаар хурлын Тэргүүлэгчдээс зарласан билээ. Хуралдаанаар "ЭЕШ-ын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр", "Бага боловсрол, эх хэл, монгол хэлний чанарыг сайжруулах дэд хөтөлбөр"-ийг батлах, аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг хэлэлцэж батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны үндсэн чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахаар төлөвлөсөн аж.

Гэвч аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавих шаардлага тавьж, тэр хүртэл хуралдаанд оролцохоос татгалзсанаар аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны үйл ажиллагаа гацаанд орж, тодорхой бус хугацаагаар хойшлогдоод байлаа.

Төсвийн тухай хуульд «аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах»-аар заасан байдаг. Аймгийн төсвийн төслийг хурлын төлөөлөгчдөд урьдчилан тарааж, танилцуулсан тул хуулийн хугацаанд багтаан баталсан гэсэн мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргаас өгсөн. Төсөв батлахад хэдэн төлөөлөгч оролцсон нь одоогоор тодорхой бус байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 162 тоот тогтоолоор ээлжит V хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн бусад асуудлуудыг хойшлуулжээ.
 
Харин энэ сарын 6-ны өдөр  аймгийн ИТХ дахь АН-ын 16, МАН-ын 5 төлөөлөгч хуралдаж, аймгийн  ИТХ-ын дарга Д.Бауыржаныг огцруулах, оронд нь Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Бердимуратыг томилох шийдвэр гаргажээ. Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Гылымханыг мөн огцруулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилохоор шийдвэрлэжээ.

Уг хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцоогүй ба энэ асуудлаар хараахан байр сууриа илэрхийлээгүй байна. 

Ө.Нурболат


Монгол брэнд