top banner

Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслахыг Монголоос хүсэв


2017-12-08 09:31:45
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар Өмнөд Солонгос, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулж Умард Солонгосын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгээс авсан хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Му пүрэв гарагт буюу өчигдөр Сөүл хотноо хэлэлцээ хийх үеэрээ Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос хүссэн байна. Өмнөд Солонгосын БХЯ-наас гаргасан мэдэгдэлд “Цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах асуудлаар уламжлалт дипломат харилцаагаа ашиглан Умард Солонгосыг ятгахад туслахыг сайд Сон Ён Му Монголын Батлан хамгаалахын сайдаас хүслээ. Монголын Батлан хамгаалахын сайд хүсэлтийг нааштайгаар хүлээж авсан” гэжээ.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Сон Ён Мугийн хүсэлтийн хариуд Н.Энхболд хэлэхдээ “Солонгосын хойг болоод дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд эрсдэл учруулж буй Умард Солонгосын аюул заналхийллийг зогсооход манай улсын Засгийн газар Өмнөд Солонгосын талтай цаашид хамтран ажилласаар байх болно” гэжээ.

Мөн хоёр улсын Батлан хамгаалахын сайд батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхээр тохиролцжээ. Түүнчлэн Сон Ён Му-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг  сайд Н.Энхболд урьсан байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нь Өмнөд Солонгос-Монголын бизнес форумд оролцохоор Сөүлд хүрэлцэн очоод байгаа аж.
Г.Доржханд
 

Монгол брэнд