top banner
Шуурхай мэдээ

Өлзийт сумын төвийг шинэчлэх төсөл дуусав


2017-12-07 16:41:46
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/ 2015 оны намар эхэлсэн Өлзийт сумын төвийг шинэчлэх төсөл дуусч, Дундговь аймгийн бас нэгэн сум дэд бүтэцтэй болж тохижлоо. Нийт таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Сумын төвийн шинэчлэл” төслийн дүнд тус сумын төв дулаан, цэвэр, бохир усны шугам хоолой, цэвэрлэх байгууламжтай, гүний худаг, цэвэр усны байгууламж, авто зам, гэрэлтүүлэгтэй болов.
Сумын төвийн шинэчлэл төслийн бүтээн байгуулалтыг ”Санжат” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 3.7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий ажлыг урьд нь гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөөд байсан юм. Энэ онд авто зам, гэрэлтүүлгийг хийснээр “Сумын төвийн шинэчлэл” төсөл дуусчээ.
Өлзийт сум 1360 гаруй хүн амтай. Сумын төвд 140 гаруй өрхийн 400 шахам хүн аж төрдөг. Өнөөдрийн байдлаар 50 гаруй айл өрх, 11 төсөвт байгууллага дулаан, усаар хангагддаг болсон байна.
Шинэ дэд бүтцээ түшиглэн цаашид үйлдвэр бий болгох, тухайлбал эхний ээлжинд ингэний сүүгээр хуурай сүү хийх үйлдвэртэй болохоор сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгаж байгааг сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх хэллээ.
Ирэх онд тус сумын бүтээн байгуулалт үргэлжилнэ. Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 400 хүний багтаамжтай шинэ соёлын төв барихаар эхний 600 сая төгрөг нь тусгагджээ.  
 
Т.Отгонтуяа

Монгол брэнд