top banner
Шуурхай мэдээ

Байгальд түшиглэсэн дасан зохицохуйн арга хэмжээний үр дүнг хэлэлцэв


2017-12-07 12:29:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бишрэлт” зочид буудалд өнөөдөр “Байгальд түшиглэсэн дасан зохицохуйн арга хэмжээний үр дүн, зөвлөмжийг бодлого шийдвэрт тусган, түгээн дэлгэрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг БОАЖЯ, “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төслөөс зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгийг нээж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн орлогч Даниэла Кашпарикова нар үг хэлж, оролцогчдод талархал илэрхийлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлт /УАӨ/, дэлхийн дулаарлын эсрэг ирээдүйг өөрчлөх сүүлчийн боломж нь магадгүй энэ цаг үеийн иргэд бидний гарт байна. УАӨ-д дасан зохицох, сааруулах, хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөг бууруулах улмаар зарим эерэг өөрчлөлтийг ашиглах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхээр 2016 оны Парисын хэлэлцээрт 175 улс орон гарын үсэг зурж баталгаажуулсаны дотор Монгол Улс ч үүрэг амлалт авч батлалцсан билээ. НҮБ-ын УАӨ-ийн суурь конвенцийн хүрээнд байгуулагдсан Дасан зохицох сангаас Байгальд түшиглэсэн дасан зохицохуйн чигглэлээр бусад оронд цөөн төсөл хэрэгжиж буйн дотор “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл нь Монгол Улсад хэрэгжсэн анхны төсөл гэдгээрээ онцлогтой юм.

Төсөл 2012 оноос 6 жилийн хугацаанд хугацаанд бүс нуигийн байгаль орчин, нийгэм эдийн засгийн онцлог нөхцлийг харгалзан үзсэн судалгаа, үнэлгээн дээр үндэслэн "Дасан зохицох арга хэмжээ"-г Алтайн өндөр уулсын Хархираа. Түргэн гүлуудын дэд сав газар болон дорнодын тал хээрийн Улз голын сав газарт Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрсэн байна. 

Тус хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт Дасан зохицох арга хэмжээний судалгааны үр дүн, зөвлөмжийн талаар хэлэлцсэн юм. Уг хэлэлцүүлгийн эхэнд “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа, 2012-2017 онд хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд гарсан Байгальд түшиглэсэн дасан зохицохуйн арга хэмжээний гол үр дүнгээс танилцууллаа.

Улмаар төслийн зөвлөх багийн ахлагч, ус судлаач, доктор Г.Даваа, Уур амьсгалын өөрчлөлтийн үе дэх Хархираа, Түргэн болон Улз голын сав газрын байгалийн нөөц, экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үнэлгээ болох Байгалийн нөөцийн эдийн засгийн үнэлгээ, дасан зохицох арга хэмжээний хувилбарууд, түүнийг хэрэгжүүлэх талаар танилцуулсан юм.

Уг сэдвүүдийн хүрээнд асуулт, хариулт өрнүүлж хэлэлцэх дарааллаар хоёр, гуравдугаар сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг явуулж санал солилцов. Улмаар Дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бодлого төлөвлөлтөд тусгах сэдэвт 3 бүлэг хэлэцүүлгийг өрнүүлсэн.

Мөн дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн механизмыг бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах арга замуудын талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж, тодорхой зөвлөмж, дүгнэлт гаргах зорилготой юм.

Д.Өлзий

Монгол брэнд