top banner

Аваргын нэрэмжит барилдаанд 13 аймгийн 66 залуу бөх зодоглов


2017-12-06 13:32:13
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын 14 дахь аварга Давгацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит найм дахь удаагийн барилдаанд 13 аймгийн 66 сумын цолтой болон залуу бөх зодоглов.

Өнгөрсөн амралтын өдөр Ардын төрийнхөө их баяр наадамд 10 жилийн зайтай хоёр удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэн, зургаан удаа шөвгөрсөн Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Монгол Улсын 14 дахь аварга Давгацэрэнгийн Хадбаатарын алдрыг хүндэтгэн мөнхжүүлэх нэрэмжит барилдаан боллоо.

Нэрэмжит барилдааныг “Акума-Эрин” ХХК-нийн захирал Ж.Баттулга, “Далай буян” ХХК-нийн захирал Л.Сэргэлэн, Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлийн тэргүүн “Ворлд гоулд” ХХК-нийн захирал Ц.Энхболд, нутгийн зөвлөлийн гишүүн, “Чингис- групп” ХХК-нийн захирал Б.Сүрхийсайхан нар ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан байна.

Барилдаанд орон нутгаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Төв, Хэнтий, Ховд, Увс, Сэлэнгэ, зэрэг 13 аймгийн 66 залуу бөхчүүд хүч сорин барилдсанаас Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 2008 оны төгсөгч Завхан аймгийн Их-Уул сумын харьяат сумын заан Д.Дэмиддорж түрүүлж, Ховд аймгийн Түргэн сумын харьяат сумын заан Л.Цэнд-Аюуш үзүүрлэв. 

Т.Есүхэйтөмөр

Сурталчилгаа
Монгол брэнд