top banner
Шуурхай мэдээ

Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид химийн бодисноос хордсон байж болзошгүй


2017-12-04 13:26:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин 11 дүгээр сарын 30-ны орой угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцлаа.
Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад, гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ.
Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирусын гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.
НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг  “өндөр”  эрсдлийн  зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Монгол брэнд