top banner
Шуурхай мэдээ

Байгалийн ухааны улсын олимпиадын дүн маргааш гарна


2017-12-02 20:38:56
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Эмпати сургуулиас Байгалийн ухааны улсын олимпиадыг өнөөдөр зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохиогдож буй тус олимпиадад Ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн сурагчид Хими, Физик, Биологийн хичээлээр өрсөлдөв.

Ахлах ангийн сурагчдын дунд Хими, Физик, Биологийн хичээлээр 6 ангилалд, Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар 6-р ангид нийт 19 төрлийн шалгалтыг Байгалын ухааны цөм хөтөлбөрт нийцүүлэн авч байгаа юм. Тус олимпиад нь ирээдүйдээ анхаардаг сурагчдын хувьд том ахиц, боломж нээж өгдөг бөгөөд үр өгөөжтэй, улс орон даяар зохиогдож байгаа томоохон арга хэмжээ гэдгийг багш, сурагчид онцолж байлаа. Энэ жил 3900 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд зарим сургуулаас 200 гаруй хүүхэд оролцжээ. 



Улаанбаатар-Эмпати сургуулийн хувьд бүх хичээлийн шалгалт нь тест бөглөх журмаар явагддаг. Энэ нь улсын шалгалтын тестыг бөглөж чадахгүй алдаа гаргах эрсдлийг бууруулдаг гэдгийг багш сурагчид онцолж байсан юм. Өнөөдөр болсон улсын олимпиадын шалгалтын журам ч энэхүү тест бөглөх журмаар явагдсан бөгөөд шалгалтын дүн маргааш гарах аж. Эхний шатанд тэнцсэн хүүхдүүд цомын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

Олимпиадыг зохион байгуулахад Г.Өлзийсайхан захиралтай Амгалан сургуулийн хамт олон болон нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн Гуравдугаар хэсэг хөдөө орон нутгаас ирсэн оролцогчдын аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Н.Туяа

Монгол брэнд