top banner

Жан Юань: Хятад улс биткойны нэр барьж хүмүүсийн тархи угаасан компаниудад л хориг тавьсан


2017-12-01 19:31:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Криптограф, блокчэйн технологийг судлах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ талын ойлголтыг олон түмэнд хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх, зах зээлд  криптовалютыг нэвтрүүлэх зорилго бүхий “Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017”-д гадны мэргэжилтнүүд оролцож туршлагаасаа хуваалцах юм. Тэгвэл БНХАУ-ын төлөөлөгч, Битмайн компанийн гүйцэтгэх захирал Жан Юаниас дараах асуултад хариулт авсан юм.

-Дэлхий нийтэд цахим мөнгө буюу биткойн хүчээ авч нэг өдрийн дотор 1000 ам.доллараар нэмэгдэж хүн төрөлхтнийг алмайруулсан.   Монгол Улс технологийн  энэхүү хувьсгалыг зүгээр хараад суулгүй хөдлөх хэрэгтэй гэдэгт төвлөрч байна. Таны хувьд  битмайны талаар ойлголт өгөхөөр хүрэлцэн иржээ.  Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Хөрвөх чадвар сайтай цахим мөнгө биткойн криптовалютын талаар ойлголт өгч нэвтрүүлэхээр зорьж буй монголчууддаа юуны өмнө амжилт хүсье. Миний хувьд компанийнхаа туршлагаас хуваалцахаар хүрэлцэн ирсэн.   Битмайн компанийн  хувьд Хятад улсад биткойны олборлолтын  70 гаруй хувийг гүйцэтгэж байна. 2013 онд манай компани үүсгэн байгуулагдсан.  Ерөнхий үйл ажиллагаа маань блокчэйн технологийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтын чиглэлд төвлөрдөг.  Одоогийн байдлаар 30 гаруй компанид хөрөнгө оруулаад байна. Битмайн компанийг  үүсгэн байгуулагч Жин Хай Вү анх  биткойны талаар судалж Сатоши Накомото нэрээр нийтлэгдсэн биткойны цагаан толгой болох “White paper”-ийг хятад хэл рүү орчуулсан хүн.  Жин Хай Вү эхэндээ энэ технологийг сурталчлагч байсан. Аажмаар  хөрөнгө оруулж эхлэн олборлогч машинуудыг хайж эхэлжээ. Тухайн үед олборлогч машинуудыг олоход нэлээн хэцүү байсныг тэрээр дурсан ярьдаг. Олборлогч машин худалдан авахаар мөнгөө шилжүүлэхэд төхөөрөмж ирэхгүй байх тохиолдол их гарч. Нэг ёсондоо хулхидуулдаг байсан гэдэг. Тэгээд Жин Хай Вү нухацтай бодсоны эцэст  олборлогч компанид хөрөнгө оруулах цаг болсон юм байна гэж шийдэж хөрөнгө оруулсан. Гэтэл тухайн компани нь хэсэг хугацааны дараа бас л усанд хаясан чулуу шиг  алга болсон. Дахиад эрэлд мордож нэг хамтрагчтайгаа нийлэн олборлогч компанийг өөрөө үүсгэн байгуулсан түүхтэй. Эдүгээ дэлхийн компаниудтай  өрсөлдөхүйц хэмжээнд хүрээд байна. Эхэн үедээ олборлогч машин үйлдвэрлэдэг  байв. Тодруулбал   “101 NM” хүчин чадал бүхий олборлогч машинуудыг зохион бүтээж зах зээлд гаргасан. Манай олборлогч машинууд зах зээл дээр байсан ижил төрлийн машинуудаас  хоёр дахин илүү хурдтай гэдгээрээ давуу юм. Ийнхүү тоног төхөрөмж үйлдвэрлэж  нэлээн амжилт олсны дараа программ хангамж руу орсон. Олборлогч машинуудыг тус тусад нь бус нэг дороос  түрээслэх үйлчилгээ явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл олон машин ажиллуулснаар биткойныг олборлох боломж хэд дахин нэмэгдсэн гэсэн үг.  Үүний дараа битмайн, блокчэйн технологийг хэрхэн нэвтрүүлэх боломжийн талаар судалгаа хийсэн. Зөвхөн биткойн олборлох мөнгөний системд бус санхүү, банк, түгээлтийн сүлжээнд ашиглаж болох гарцыг хайсан. Судлаачдын багт хөрөнгө оруулах замаар  ерөнхий технологийг хэрхэн төрөл бүрийн салбарт ашиглаж болох вэ гэдгийг судалсан.

-Судалгаагаар ямар үр дүнд хүрсэн бэ?

-Судалгааны үр дүн бол хиймэл оюун ухаан руу хөл тавьж эхэлсэн гэж хэлж болно.   Тодруулбал Эй ай технологийг  маш бага зардлаар өндөр бүтээгдэхүүн бий болгох боломж бүхий чип дээр суурилсан процессоруудыг зохион бүтээж эко системийг бүхэлд нь хамарч чадсан.  Мэдээллийг  түгээх,  блокчэйны хэрэглээг нэвтрүүлэх эцэс сүүлдээ хиймэл оюун ухаантай хэрхэн уялдуулах вэ гэсэн цогц шийдлийг бий болгохын төлөө ажиллаж байна.

-Та чуулганаар Монголчуудад яг ямар мэдээлэл өгөхөөр зорьж байгаа вэ?

-Биткойн олборлох  асуудлыг хөндөхөөс илүүтэй өдөр тутмынхаа амьдралд илүү хялбар  гүйлгээ хийх боломж болон гадаад валютын эрсдэлд хэрхэн орохгүй байх  талаар мэдээлэл хүргэхийг чухалчилж байгаа.

-Хятадын Засгийн газар биткойны арилжаанд хязгаарлалт тавьсан гэсэн мэдээлэл дэлхий нийтэд тархсан. Яагаад дэлхийд хүчээ авч буй биткойнд Хятад улс  хориг тавих болов?

-Танай улсын Гадаад харилцааны сайдтай уулзахад шинэ технологи, шинэ зүйлстэй хөл нийлүүлэн алхах ёстой гэдгийг дэмжиж байсан. Мөн тэрээр шинэ технологитой хөл нийлүүлж, нээлттэй байхын зэрэгцээ өндөр хариуцлага хүлээнэ гэдгийг онцолж иргэдээ эрсдлээс хамгаалах үүргийн талаар ярьж байсан. Үүнтэй адил Хятадын Засгийн газар ард иргэдийнхээ эрхийг хамгаалах  үүднээс тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавьж байгаа. Гэхдээ энэ хязгаарлалтын талаар буруу ойлголт хүмүүсийн дунд явж буй нь харамсалтай.  Тухайлбал манай компанийн үйл ажиллагааг Хятадын Засгийн газар хорьсон асуудал байхгүй. Харин арилжааны хэлбэрээр биткойны нэр барьж хүмүүсийн тархи угааж буй бүлэг этгээд, компаниудын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа. Энэ арга хэмжээ нь ард иргэдээ эрсдэлд оруулахгүй байх явдал юм.  Манай Засгийн газраас блокчэйн технологийг хөгжүүлж  буй хүмүүсийн дуу хоолойг сонссоор ирсэн. Тухайн технологитой холбоотой олон төрлийн хэлэлцүүлгүүд өрнүүлж буйгаас гадна Хятадын Төвбанк саяхан цахим мөнгөний  технологийг судлах хэлтэс ажиллуулж эхэлсэн. Судалгааны хэлтэс цаашлаад хууль эрхзүйн үндсийг тавихад маш олон ажил өрнүүлэх байх. Засгийн газраас криптовалютын старт апуудыг  дэмжиж ажилладаг. 

-Монгол хүн бүрийн амнаас биткойн гэдэг үг унах болсон. Биткойнтой болчихвол мөнгөтэй болно гэсэн сэтгэлгээ нийгэмд давалгаалж байна. Нийгмээрээ биткойнд анхаарал хандуулж буй энэ үед монголчуудад та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Давын өмнө биткойн, блокчэйн, криптовалют гэж юу вэ гэсэн ойлголттой болох ёстой. Үүний дараа энэ тоглоомд оролцох тоглоомын дүрэмтэй танилцаж, эрсдлээ тооцож шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнээс биш сэтгэл хөдлөлөөр дам яриа сонсоод орж болохгүй. Нэг ёсондоо бэлтгэл хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хүмүүс хэтэрхий  шунахай биткойн руу  давалгаалж байгаа бол үүнийг анхаарах цаг болжээ гэж бодох ёстой.

- Яагаад биткойн ингэж өндөр хувиар өсөх болов?

- Дэлхийн хамгийн том крипто мөнгөн тэмдэгт болох биткойны ханш өсөх гол шалтгаан нь  АНУ-ын Хөрөнгийн зах зээл болох  “Wall street” дээр гол платформууд болох  “CNA”, “NASDAQ”  зэргийг   нэг бүтээгдэхүүн болгож оруулсан явдал гэж дүгнэж болно. Улмаар хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үүнийг хэрхэн  ашигтай эргүүлэх вэ гэдэг стратегийг боловсруулж ашигласан нь биткойны  үнийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ үргэлж ийм өсөлт байх уу гэдэг нь бас нэгэн  болгоомжлол. Магадгүй хэсэг хугацааны дараа үнийн өсөлтийг хазаарлах  явдал гарахыг үгүйсгэхгүй.
 
Б.Заяа

Монгол брэнд