top banner
Шуурхай мэдээ

Өнөөдөр "ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна


2017-12-01 10:15:58
Зураг
УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 1-ний энэ өдөр дэлхий дахин эл өдрийг "Эрүүл амьдрах эрх" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Ердөө 1980-аад оны эхээр ХДХВ-ийг олж илрүүлсэн боловч ХДХВ/ ДОХ нь 39 сая гаруй хүний аминд хүрээд байна. Өнөөдөр дэлхий дахинд ХДХВ-ийн халдвар тээгч 36.7 сая гаруй хүн амьдарч байгаагийн 2.5 сая гаруй нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. 

Харин Монгол Улсад өнөөдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг "Би сэргийлж чадна, харин та" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Манай улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор нас барсан таван тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 99.1 хувь нь бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд гэнэ. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувь нь 25-34 насныхан аж.

ХДХВ-ийн халдвар дамжих зам

·         Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
·     Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
·         ХДХВ-ийн халдвартай эхээс урагт,  хөхний сүүгээр ... халдварладаг байна

Илрэх шинж тэмдэг, явц

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж, дархлааг аажмаар сулруулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд мэдэгдэхүйц зовиур илрэхгүй, эрүүл хүн шиг байх боловч бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг байна.

Дархлалын тогтолцоо сулрах тусам тухайн хүн турж эцэж, амархан ядарч сульдаж, янз бүрийн арьсны өвчинд өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед  илрэх шинж тэмдгүүд:

·         Биеийн жин буурах
·         Байнга ядрах
·         Шөнө хөлрөх
·         Хүзүү, суга, цавины булчирхай томрох
·         Амьсгаадах, хий ханиах ... г.м.

Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж,  ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн 1-2 жилийн дотор нас бардаг байна.

Илрүүлэх арга

ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие гол төлөв 4-8 долоо хоногийн дараа  илэрдэг ч зургаан сар хүртэлх хугацаанд  илрэхгүй байж болно. Халдвар авсан цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе ” гэнэ.

Эмчилгээ

ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг төгс эмчлэх аргыг дэлхий дахин өнөө хэр нь олж чадаагүй байна. Эмчилгээний арга гэвэл энэ вирусийн хөгжлийн хурдыг саармагжуулах, халдвартай хүмүүсийн дархлааг дэмжих төдий л арга байна. Гэхдээ ДОХ-ын үүсгэгч уг вирусээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоогоод байгаа юм.

ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга замууд

·         Хосууд бие биедээ үнэнч байх
·         Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах,тэвчих
·         Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
·         Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх ... г.м.

ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
/Эх сурвалж: Монгол Улсын ЭМЯ, ДЭМБ/

Г.Доржханд

Монгол брэнд