top banner
Шуурхай мэдээ

Аж үйлдвэрийн парк хамтран байгуулах саналыг Итали Улсад тавив


2017-11-30 17:07:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  Бүгд найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фэлипийг хүлээн авч уулзлаа.

Итали улс сүүлийн жилүүдэд манай улстай хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж буй юм.

Уулзалтын үеэр БНИУ-ын Элчин сайд Монгол Улстай уул уурхай болон хүнд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “Итали улс хүнд үйлдвэрлэл, уул уурхай, техник технологийн салбарт өндөр дэвшил гаргасан. Тиймээс энэ чиглэлээр хоёр улс цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Харин сайд Д.Сумъяабазар "Уул уурхай, хүнд үйлдвэр, тэр дундаа аж үйлдвэрийн парк байгуулах асуудалд хоёр улс хамтран ажиллах саналыг салбарын яамны зүгээс дэмжинэ. Мөн боловсруулах үйлдвэр байгуулах талаар хамтран ажиллавал дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой" гэв.

Элчин сайд Андрэа Дэ Фэлип Монгол Улстай  аж үйлдвэрийн парк байгуулахад хамтарч ажиллах саналыг Итали Улсын Засгийн газарт уламжилна хэмээв.  
 
Б.Заяа

Монгол брэнд