top banner
Шуурхай мэдээ

VIII Богд хаан, Дондогдулам хатны үнэт чулуун эдлэл монгол урчуудын чадварыг илтгэнэ


2017-11-30 15:00:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны хэрэглэж байсан чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэл хэрэглэлийг дэлгэсэн “Чулууны гайхамшиг” үзэсгэлэн өнөөдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийв.

“Монгол орон чулуун дурсгал ихтэй бөгөөд чулуу, эрдэнийн чулууг өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Чулууны ертөнц шавхагдашгүй арвин, давтагдашгүй. Байгалийн чулуу хүний биед онцгой ач холбогдолтой. Байгаль эх 80 сая жилийн өмнө чулууг бий болгосон бөгөөд энэ нь нэн өвөрмөц, ховор үзэгдэл юм. Чулуу, тэр дундаа эрдэнийн чулуу хамгийн тогтвортой, найдвартай, энергийг хуримтлуулагч, хадгалагч, бас дамжуулагч болдог. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хөгжлийн явцдаа эрдэнийн чулуу, үнэт металлыг хүч, эрх мэдэл, агуу хүчирхэгийн хэмжүүр болгосоор ирсэн. Бид энэхүү үзэсгэлэнгээрээ Богд хааны ордон музейн сан хөмрөг дэх нарийн ур хийцтэй үнэт чулуун эдлэлүүдийг үзэгчдийн мэлмийд толилуулж байна” хэмээн Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш ярилаа.

Тус музейд Монгол төрийн сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын эрдэнэсийн санд үе үеийн Богдуудын хурааж хуримтлуулсан эд баялаг, дотоод гадаадын зочид гийчид, элч төлөөлөгчдийн өргөсөн олон төрлийн эрдэнэс, эд зүйлс хадгалагдаж байдаг аж. 



Үзэсгэлэнд эдгээрээс дээжлэн XX зууны эхэн, дунд үед холбогдох оюу, шүр, мана, хаш чулуун хөөрөг, эрхи, номин чулуун бойпор, дамар, мөнгө, шүр, сувд, ундрам чулуун зүүлт, хаш үнсний сав, эрүүний тулгуур, пийсүү гуурс, гаанс, хавтага, тээг, шүр чулуу, Монгол эхнэрийн чимэглэл хорол бэл хэмээх зүүлт, шүр, сувдан зүүлт болон Богд хааны хэт хутга зэрэг үнэт чулуун эдлэл дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв.


Богд хааны хэрэглэж байсан ган, алт, мод, шүр, зааны яс, булигаар, цацаг алтан бөгж бэхэлгээ холбоотой, сум модон хуйтай хутга нь зааны ясан хоёр ширхэг савхтай, ногоон өнгийн ясан дамар шахуурга бүхий сүлжмэл утсан цацагтай шүрээр сийлсэн бар сийлбэр тээгтэй, хутганы ирнийхээ хоёр талд цэцэг сийлбэртэй, бариул нь чулуун шигтгээтэй, хэт нь хоёр талдаа цэцэгтэй зургаан дөрвөлжин сэнжтэй алтан хүрээтэй булигааран гэртэй энэ хутгаа Богд хаант Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараа төрийн тэргүүний ёсоор зүүдэг байжээ.
Түүнчлэн Богд хаан, Дондогдулам эх дагины өмсөж хэрэглэж асан зүйлс хаан төрийн эрдэнийн шинж, бэлгэдлийг агуулахын зэрэгцээ Монгол урчуудын гараар бүтсэн хосгүй нандин зүйлс болж үлджээ.
Үзэсгэлэнгийн танхимд Богд хааны сувдан хээ бүхий ёслолын хантааз хүндтэй байр эзлэх бөгөөд зөвхөн нэг хээнд нь 22 мянган сувд хэлхэж урласан байна.



Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог нь хар торгон суурьтай жижиг сувдан битүү дагнаас хээн дээр дунд зэргийн сувд давхар шигтгэсэн чимэгтэй, магнайд нь алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй шүрэн эм хас хээтэй сувдан сампинтай, улаан торгон дотортойг нь үзвээс хатгамалчдын урыг илтгэнэ.

Үзэсгэлэн 12 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд