top banner
Шуурхай мэдээ

Эртний хотын тууриас энэ цагийн өнгийг тольдохуй


2017-11-30 11:59:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэнгэр уулын өвөрт тэнийн дуниартах Турфаны хотгор үзэм, жимсний орон гэдгээрээ хэзээнээс алдартай. Усан үзмийн 40 гаруй сорт тариалдгийн олонх нь эмийн найрлагад ордог ховор төрөл гэлцэх. Хөрсөндөө цэцэггүй энэ зэлүүд элсэн говь өнөө цагийн үржил шимт хөндий болж хувирсан түүх саяхных биш ээ. Их уулсын элгэнд хэрмэн цав урлах элсэн шуурганы хөлд он жилүүдийг элээсэн Турфаны хотгор Тэнгэр уулаас буусан мөнх цасны шим, Уйгар түмний уйгагүй зүтгэлийн хөлсөнд дэвтсээр "Усан үзмийн эх нутаг” хэмээн алдар нэрээ дуурсгасан юм. Энэ үйлс зүтгэл 1500 жилийн түүхтэй.



Турфан хотын ойролцоох Карез хэмээх музей нь эртний түүхийг энэ цагт хураангуйлан таниулах биет дурсгал, бичиг соёл, баримал зураг, байгалийн татаал ус гэхчилэн баялаг сайхан үзмэртэй. Тэнгэр уулын мөнх цасны усыг өмнийн говь руу сувгаар татаж, олон зуун булаг, худаг гаргаж байсан оролдлогууд хийгээд тус бүс нутгийн усжуулалтын системийг иж бүрэн танилцуулсан музейн барилга нь байгалийг дуурайлгасан өвөрмөц дизайн бүхий архитектурын содон хийцтэй бөгөөд газар доогуурх сувгаас уулын булгийн цэнгэг ус бургилах нь шилэн хавтан дороос тодорхой үзэгдэж хүмүүсийг эх байгальд зугаалж буй мэт амьд мэдрэмж төрүүлдэг. 



Турфаны эртний хотын туурь үзэж, тосгодоор зугаалж, нутгийн айлаар зочилж, Уйгарын уламжлалт идээ ундаагаар дайлуулж, Торгоны зам дагуу нутгаар дөрөө мулталж яваа олон улсын сэтгүүлчдийн багийнхан дэлхийд ховор энэхүү усжуулалтын музейг үзэж сонирхсон юм. Дашрамд тэмдэглэхэд миний орчуулагч Д.Хүчитбаатарын найз Шиньжяны Ховог сайрын монгол залуу уйгараар Карез, хятадаар Ка Эр Жин хэмээх энэхүү нэрийг монгол хэлний “Харз” гэдэгтэй утга нэг үг болохыг хэлж өгсөн юм. Харин “Харз” нь уйгараас монгол руу орсон уу, "Карез” нь монголоос уйгар руу зээлдэгдсэн үү гэдгийг хэл шинжлэлийнхэн тодруулах биз ээ.



Хятадын Төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, Шиньжян Уйгарын өөртөө засах орноос хамтран зохион байгуулсан “Шиньжян миний нүдээр” нийтлэл нэвтрүүлгийн уралдааны 1600 гаруй оролцогсдоос шигшигдэн шалгарсан Хятад, Монгол, Беларусь, Турк, Ливан, Йордан, Араб, Америкийн 11 сэтгүүлч энэ танин мэдэхүйн үнэ цэнэтэй аялалд уригдсан билээ. Хятадын Засгийн газрын зардлаар Шиньжян Уйгарын өөртөө засах орон, тухайн бүс нутаг дахь эртний соёл түүхийн дурсгал, хүн ардынх нь өнөөгийн амьдрал, уламжлал, зан заншил, урлаг, шашны тухай мэдээллээ баяжуулах боломж олдсонд сэтгүүлчид сэтгэл хангалуун байгаагаа ярьж байв. Тэд цааш алдарт Такла Маканы цөлийн баруун захад орших, ШУӨЗО-ны баруун өмнөд бүсийн төв Кашгар хотыг зорьсон юм. Тэмдэглэлийн үргэлжлэлийг та бүхэн удахгүй манай сайтаас уншаарай.
Б.Занданхүү

Монгол брэнд