top banner

Рутений-106 хэмээх цацраг идэвхт бодис хаанаас алдагдсаныг олж тогтооно


2017-11-29 14:11:29
Зураг
МОСКВА. /ТАСС/. Агаар мандлаас илэрсэн рутений-106 хэмээх цацраг идэвхт бодис хаанаас алдагдсаныг олж тогтоох тусгай ажлын хэсгийг цөмийн шинжээчид байгуулж байна гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.
 
Европын хэд хэдэн улс орны агаараас илэрсэн рутений-106 хэмээх бодисын гарал үүслийг олж тогтоохыг Орос болон Европын улсуудын ард иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уриалах болсонтой холбогдуулан зохих улс орнуудын цөмийн шинжээчид тусгай ажлын хэсэг байгуулах саналыг саяхан дэвшүүлсэн байна.
 
Хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хор хөнөөл учруулахааргүй буюу багахан хэмжээний рутений-106 бодис есдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын эхээр Орос болон Европын хэд хэдэн орны агаараас илэрсэн аж. Уг бодис Оросоос алдагдсан байж магадгүй гэж Австри, Герман тэргүүтэй Европын зарим улс сэжиглэж байгаа юм.

Рутений-106 бодис нь байгальд байдаггүй бөгөөд үүнийг анагаах ухаанд зарим хорт хавдрыг эмчлэх зорилгоор, мөн радиоизотопын эрчим хүчний эх үүсвэр болгох зорилгоор үйлдвэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, агаараас энэ бодис илэрсэн нь хүнтэй холбоотой гэсэн үг.

Өмнө нь Оросын атомын эрчим хүчний “Росатом” корпораци мэдэгдэл хийхдээ “Оросын бүх цөмийн байгууламж, тухайлбал атомын цахилгаан станцууд бүгд хэвийн ажиллаж байна. Манай цөмийн байгууламжуудаас ямар ч цацраг идэвхт бодис алдагдаагүй. Рутений-106 бодис алдагдсан нь Оростой холбоогүй болох нь гадна, дотны бүх шалгалтаар нотлогдсон” гэж байв.

Энэ бодис хаанаас алдагдсаныг олж тогтоох тусгай ажлын хэсэгт Оросын ШУА-ийн Цөмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн шинжээчид орж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ. Мөн “Росатом” корпораци тус ажлын хэсэгт хэрэгцээтэй бүх зүйлээр тусалж, шалгалтын тухай мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь хүргэх ажээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд