top banner
Шуурхай мэдээ

"Лантуун дохио"-гоор гэрэлт нийгмийн зүгт


2017-11-29 11:11:08
Зураг

Амьдрал. Энэ үг дуудагдаж байгаа шигээ тийм богинохон биш болохыг бид бүгд мэднэ. Хүн бүр үргэлж гэрэл гэгээтэй замаар урагшилж, уулын оргилд гараад тухтайхан амарч хэвтдэггүй. Цаг үргэлж тэмцэж, бусдад хайр энэрэлийг түгээж, хүнд үе тулгарсан нэгэнд гэрэл гэгээ тусгах нь бүх л цаг үе, түүхийн явцад хүн төрөлхтний аврал байсаар ирснийг уншигчид мэдэх биз ээ.

Хүүхдийн төлөө “за” гэж худлаа хэлдэггүй, хийсэн бүхэн нь ил бөгөөд, шудрага ёс, хүчирхийлэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, Монголын мянга, мянган орхигдсон багачуудад “хайр” түгээж яваа залуучууд бол “Лантуун дохио” Төрийн Бус Байгууллагын хамт олон юм.

Тус бүлгэмийн залуус нийгэм рүү чиглэгдсэн олон үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн компанит ажлуудыг зохион байгуулж залуусыг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулдаг билээ.

ЛАНТУУН ДОХИО ТӨРЖ, БАЙГУУЛЛАГА ҮҮССЭН ЦЭГ

Бидний нүдэнд ил харагдаж буй тодорхой зүйл бол хүмүүсийн буруу үйлдэл, нийгмийн хар бараан болгоны эсрэг тэд сэтгэл зүрх, оюун бодлоо нэгтгэн тэмцэж байна. Хандиваар авсан бүх мөнгөн хөрөг, түүний зарцуулалт нь “lantuu.mn” сайтад, олны нүдэн дээр ил байдаг.

Хүүхэд худалдаалах гэмт хэрэг болоод, гэр бүлийн хүчирхийлэл дан ганц Монгол бус дэлхий нийтээр хүчээ авч эхэлсэн энэ цаг үед бид юуг хийж бүтээх вэ?, Монголд ийм зүйлс байна гэж үү?, Бид тэмцэж чадах уу?, Гэрэл гэгээтэй, эрүүл саруул нийгмийн төлөө залуус маань зориглон дуугарч, үйл хөдлөлөө нэгтгэх цаг ирсэн үү? гэх олон асуултууд ургана.

Үүний талаар ярих бус үйл хөдлөлөөрөө хариулт өгөхийг илүүд үзэж МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчийн ажил хийж явсан Ч.Ганжавхлан гэх залуу хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож “Лантуун дохио” ТББ-аа байгуулан ажиллассанаар эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлж эхэлсэн юм.



Гэрэлтэй, эрүүл саруул нийгмийн төлөөх тэдний аян ийнхүү эхлэв. Зүрх эмтлэм олон бусармаг үйлдлүүд ар араасаа цуврах болсон дэлхийн ертөнц дээрх эмх цэгцгүй, зөрчлөөр дүүрсэн нийгмийн “Лантуун дохио” бүлгэмийн залуус эмчлэхээр шийдсэн нь энэ.

“Хүний наймаанд өртсөн хохирогчдын ар гэрээс ирсэн хэдэн арван захидал, зуу гарсан тооны цахим захидлыг судалж үзэхэд ижил төрлийн гэмт хэрэг маш их байлаа. Мэдлэг мэдээлэлгүйн улмаас өндөр цалинтай ажил, тэтгэлэгт сургууль, зуучлах гэх мэт зүйлсэд хууртан Монгол улсаасаа гарч худалдагдсан, одоог хүртэл эх орондоо ирж чадахгүй аймшигт амьдралаар амьдарч байгаа охид, залуусын ар гэрийнхний дуу хоолой бидэнд хандсан юм. Тэр бүхнийг лантуудаж үгүй хийхийн тулд залуучууд маань дуу хоолойгоо нэгтгэсэн” хэмээн тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэрэнжав өгүүлсэн юм.

Нийгэмд “Лантуу” мэт хүчтэй сэрэмжлүүлэг өгөх ёстой гэсэн утгыг агуулсан “Лантуун дохио” ТББ-г байгуулан энэ байгууллагад эрсдэл хүлээх хэсэг буюу үндсэн гишүүд нь зөвхөн эрэгтэй хүн байна гэсэн дүрэм, шийдвэр гаргасан. Харин зургаан сарын турш ягштал мөрдөж ирсэн энэхүү дүрмээ халж эмэгтэйчүүд ч хүчирхийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон билээ.
Ийнхүү тус байгууллагын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай хийсэн ярилцлагыг уншигчдад хүргэе.

Ч.ГАНЖАВХЛАН: НҮДЭЭ АНИХАД ТӨСӨӨЛӨГДДӨГ ГЭРЭЛТЭЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ НҮДЭЭ НЭЭЦГЭЭЕ

-“Лантуун дохио” бүлгэмийг байгуулах болсон талаараа ярихгүй юу. Таны эмзэглэл хаана хүрээд дотроос чинь гарахаар тэмүүлсэн бэ?

-Мэдээж нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг хараад их эмзэглэдэг байсан. Зөвхөн манайд ч бус өөр хөгжингүй орнуудад ч байдаг. Гэвч бид нэг л дэлхийтэй хүмүүс. Бусдын өнгө зүс, өмссөн зүүснээр нь ялгалгүй хайрладаг байх хэрэгтэй. 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ч 2013 онд гэрчилгээ, тамга тэмдгээ хүлээн авсан. Хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл мөн хүний наймаа гээд бидний мэддэг хэрнээ нэг их сонирхож, оролцохоос эмээдэг бүхэн рүү энэ хэсэг залуу нийгэмд, салбарынханд нөлөөлөхүйц томоохон 30 гаруй төсөл, хөтөлбөр, акцуудыг өнгөрсөн хугацаанп хийсэн. Аливаа үйл хэргийг хэн нэг нь санаачилдаг. Үгүй бол бид өдөр хоногийг аргацаасан хэвээр л амьдрана. Өөрчлөлт хийх тухай санаачилж түүнийгээ сайхан хүмүүстэй нийлж эхлүүлэхийг зорьсон сэтгэл минь энэ байгууллагыг бий болгосон гэж хэлж болно.



-Мэдээж дан ганцаар энэ бүхнийг хийж чадахгүй. Тиймээс л нэг гэр бүл шиг хамт олон хэрэгтэй байдаг. Та гишүүдээ анх хэрхэн сонгож авсан бэ?


-Би тэднийг сонгоогүй, тэд л өөрсдөө чин сэтгэлээсээ туслахыг хүссэн. Бид хамтран ажиллаад амжилтанд хүрэх зорилго өмнөө тавиагүй шүү дээ. Бусдад тусалж, гэрэл гэгээтэй нийгмийг цогцлоон бүтээхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн. Манай гишүүд хүнд туслахдаа чин сэтгэлээсээ ханддаг. Өөрийгөө бус өрөөлийг нэн түрүүнд тавьдаг хүмүүс. Бусдын сайн сайхны төлөө ажиллахад ажил хийгээгүй мэт санагддаг.

-Нэг зүйлийг тойруулалгүй шуудхан асуучихъя. Танай байгууллага санхүүжилт хаанаас авдаг вэ?

-Одоогоор энд тэндээс төсөл, санхүүжилт авсан зүйл байхгүй. Сайхан сэтгэлтэй хүмүүс тусалдаг. Хандиваар хөрөнгө хуримтлуулж түүн дээрээ гишүүдээсээ тодорхой хураамж авч нэмээд ажиллагаагаа явуулдаг. Ер нь тэгээд бусдад туслах хүсэлтэй сайн дурынхан л ихэнх ажлыг нугалж өгдөг.

-Танд өөрийгөө голж байсан үе байдаг уу?

-Өмнө нь юу ч хийдэггүй, өөрийгөө олоогүй байсан үеэ санахаар жаахан харамсал төрдөг. Гэхдээ бид хожимдоогүй гэж боддог. Өөрийгөө голж байсан удаа байхгүй ч тэр хэрээрээ бас онгирч байсангүй. Зүгээр л бид чадна, энэ ажлыг хийх ёстой гэж боддог.

-Цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байгаа вэ?

-Би саяхан охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ” үндэсний аяныг хэрэгжүүлсэн. Нүдээ анихад дотор төсөөлөгддөг тэр гэрэл гэгээтэй нийгмийн төлөө нүдээ нээх шаардлагатай байна. Цаашид болж бүтэхгүй байгаа бүхний эсрэг тэмцэж, нийгэмд сайн сайхныг бүхнийг цогцлоон тэрхүү мэдээлэлээ олон нийтэд хүргэж, хамрах хүрээгээ тэлсээр байх болно.



ЭРҮҮЛ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

"Хүний наймааны эсрэг үндэсний хөдөлгөөн" арга хэмжээний үеэр Б.Ууганцэцэг гэх эмэгтэй “Лантуун дохио” ТББ-ын хамт олонд туслах хүсэлтэйгээр элсэн оржээ. Үүний дараагаар тус байгууллагатай үйл хэрэг болоод сэтгэл зүрхээрээ холбогдож шинэ төслийг санаачилан “Лантуу хүү” баатарыг бүтээн ажилласан байна.

Ийнхүү “Лантуун дохио” ТББ-ын Төслийн ерөнхий удирдагч Б.Ууганцэцэг “Бид хүүхдийн төлөө “за” гэж худлаа ярьж, дуулахаа болоё. Бодитой алхам хийж, үр дүнд хүрэхийг хүссэн. Тэрхүү үр дүн маань нийгэмд гэрэл авчирна. Ирээдүйд улс орондоо ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй залуу үеэ бэлдэж, тэдний боловсролд анхаарч, нийгмийн муу муухай бүхнээс хамгаалах нь манай байгууллагын үүрэг” хэмээсэн юм.

Дэлхий дүүрэн ид шид

“Ид шидийн орон” төсөл нь Лантуун дохио ТББ-н хэрэгжүүлж байсан болоод хэрэгжүүлж байгаа төслүүд дундаас хамгийн удаан хугацааны, хамгийн том төсөл гэнэ. Уг төсөл ганцхан удаагийн тусламж хэлбэрийн төдийхнөөр цар хүрээ нь хэмжигдэхгүй бөгөөд амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртдөг болон өртөх өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд чиглэсэн олон арга хэмжээг авч, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зорилготой ажээ.

Тиймдээ ч “Хүүхэд хамгааллын төв” болон “Боловсрол хөгжлийн төв” хэмээх 2 том барилгаас бүрдсэн цогц бүтээн байгуулалт юм. Тус байгууламж нь дотроо түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж, хүчил төрөгч түгээх цэг гэх мэт олон зүйлийг багтаажээ.

“Уг төслийн захиалагч нь Монголын бяцхан үрс, харин санхүүжүүлэгч нь Монголд болон дэлхий дахинд суугаа ид шидтэй ах эгч нар нь юм шүү” гэдгийг төслийн багийнхан хэлж байсан удаатай. Тус байгууламжийг бүтээн босгоход "Лантуун дохио" ТББ-ын үндсэн 30 гаруй гишүүн, 150 гаруй сайн дурын залуучууд ажилласан. Барилгын ажил гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж, бяцхан үрсийн ид шидийн орон бий болсон билээ.

Ид шидээр дүүрэн өвөөгийн уут

“Ид шидийн уут  2016-2017” аяныг  “Лантуун дохио ТББ” харьцангуй туршлагатай нөөц бололцоотой зохион байгууллаа. Ид шидийн уутыг “Ид шидийн цүнх” болгон өөрчилж 500 ширхэг цүнхийг өөрсдөө эсгэн өрх толгойлсон эмэгтэйгтэйчүүдийг2 сарын турш цалинжуулан ажиллуулж нийт 96 сая төгрөгний эд бараан төсөвтэй, 220 сайн дурынхны оролцоотой, 13 улсын Монголчуудын тусламжтайгаар явуулжээ.

Ийнхүү өвлийн өвгөний дүрд хувиран доогуур амьжиргаатай 6000 хүүхдийн багц бэлэг 10000 хүүхдэд хүрсэн арга хэмжээг зохион байгуулав. Энэ жил ч бас судлагаагаа үргэлжилүүлэн явуулж улам төгөлдөржүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.









Сүүлэнхүү шиг баатар


Сүүлэнхүүгийн үлгэрийн бид бүгд мэднэ. Бяцхан гэлтгүй өөрийн арга ухаанаар муу санаат хатнаас эрдэнийн бөгжийг нь авч ядуу аав, ээжээ тэтгэн амар сууж жаргадаг. Яг түүн шиг “Лантуу хүү” мэндэлж олон бяцхан үрсэд гэрэл гэгээг тусгаж, амьдралыг хайрлах сэтгэгдлийг төрүүлж байна.

Энэхүү төсөл нь 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд бодит нөлөө үр дүнг төлөвлөжээ. Монгол үндэсний баатар болох “Лантуу хүү”-г олонд таниулж, хүүхдэд хүүхдийн хэлээр, хүмүүстэй энгийн хэлээр ярилцахын тулд “Хүүхдийн баатрын” дүрийг шинээр бүтээн бага насны хүүхдүүдийг гол зорилтот бүлгээ болгон улмаар нийгмийн бүх давхаргын хүмүүст хүн худалдаалах гэмт хэргээс өөрийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг шууд бус хялбар хэлбэрээр төлөвлөгөөтэй, шат дараалалтай хүргэх зорилготой.



Лантуу хүү төсөл нь 2014 оны есөн сараас хэрэгжиж эхлэсэн ба тус төслийн хүрээнд одоогоор хүүхдийг цахим ертөнцийн зохистой хэрэглээнд сургаж, түүний учруулж болох аюул, үр дагавар, хор хөнөөлийг энгийнээр олонд таниулахаар "Лантуу хүүгийн сургамж" нэртэй 3 цуврал комик номыг гаргаад байгаа юм.
Мөн “Лантуу хүүгийн сургамж”  болох цахим ертөнцийн зохистой хэрэглээг хүүхэд болоод олон нийтэд таниулж улмаар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх зорилготой комик номыг үнэ төлбөргүй болгон “Playstore” дээр байрлуулсан нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монгол хүүхдийг хамгаалах ажилд том дэвшил болжээ.

Хүүхдэд ээлтэй хөрш

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн эцэг нь 5 настай хүүгээ заазуурдсан аймшигт хэрэг гарсан ба энэ хэрэг олон нийтийн цахим сүлжээгээр хаа сайгүй тархаж Монголчууд маш ихээр цочирдов. Олон хүмүүс Лантуун дохио ТББ-д хүүхдийн төлөө ямар нэгэн үйлдэл хийхийг уриалсан хүсэлт, шаардлагуудыг ирүүлсэн гэнэ.

Тиймээс “Лантуун дохио ТББ”, “Хүчирхийллийн эсрэг” үндэсний төвтэй хамтарч тус хэрэг дээр сүүлийн шатны шүүх хурал дуустал ажиллав.

Энэ нь байнга гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг олон мянган эх хүүхдүүдийг гэмт хэргийн хохирогчид гэдгийг батласан том жишээ байлаа. Үүнээс улбаалан гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүүхдэд ээлтэй хөрш” нэртэй аяныг эхлүүлэн байшин, гэр хорооллуудаар нөлөөллийн ажлыг явуулсан байна.



Тэд ийнхүү тариан түрүү зуусан цагаан тагтаа цэлмэгхэн тэнгэрээр эрх чөлөөг зуун ирэх шиг энх тайван, саруул нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө ажиллаж байна. Монголчуудыг бид цайлган цагаан сэтгэлтэй ард түмэн гэж ярьдаг нь ор үндэсгүй зүйл биш болохыг тус байгууллагын гишүүн бүр үйл хөдлөлөөрөө жишээ болгон үзүүлж буй билээ.

“Сайхан сэтгэл бол төгс төгөлдөр. Төгс төгөлдөрийг юутай зүйрлэнэ гэж...” хэмээн яруу найрагч Л.Өлзийтөгс дуун алдсан байдаг. Үнэхээр бусдын төлөө гэх чин зүрхний сайхан сэтгэлээс илүү юм гэж ер үгүй санагдана. Энхрий бяцхан үрсдээ эрүүл боловсролыг олгож, тэдний бага насанд гэгээн өдрүүдийг нэмэхээр сайхан сэтгэлээрээ зурж бүтээж яваа “Лантуун дохио” ТББ-ын залуусын үйлдэл бүхэн “гэрэлтэй нийгмийн төлөө” юм.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 

Монгол брэнд