top banner
Шуурхай мэдээ

Ч. Хашчулуун: Эдийн засгийн бодлого эрүүлжиж байна


2017-11-28 14:43:21
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхмийн профессор, Эдийн засагч Ч.Хашчулуунтай ихэнхдээ эдийн засгийн асуудлаар ярилцаж байсан. Харин энэ удаад өөр өнцгөөс буюу түүний оюутан ахуй үе, боловсрол, нийгэм, эдийн засгийн тогтолцооны талаар ярилцлаа.

-Таныг  14 жилийн тэртээ эдийн засгийн чиглэлээр Японд сурч магистр, докторын зэрэг хамгаалсан гэж сонслоо. Тухайн үеийн Японы нийгэм ямар байв? 

-Миний хувьд төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн нийгэм рүү шилжих үед Япон руу сурахаар явсан. 1990-ээд онд Японд хүнд үе байсан. Үүнийг япончууд алдагдсан 10 жил гэж нэрлэдэг юм. Намайг сургуулиа төгсөж байхад япончууд хүнд үеийг дөнгөж даваад байсан. Олон тооны үйлдвэр хаагдаж, улмаар хятад руу үйлдвэрүүдээ шилжүүлж байв. Үүнээс болж Японд ажилгүйдэл нэмэгдэж, бүсээ чангалсан он жилүүдэд  би сургуулиа дүүргэсэн. Эдийн засгийн хүндрэлийг  япончууд даван туулахдаа маш том бүтцийн өөрчлөлт хийж, салбаруудаа чөлөөтэй болгосон. Тухайн үеийн Ерөнхий сайд Коизүми төрийн үйлдвэрүүдийг хувьчлах, зах зээлийг хөгжүүлэх алхмыг зоригтой хийснээр эдийн засаг нь богино хугацаанд сайжирсан. Тухайн үед Монгол, Японы аль аль нь өөрчлөлтийн үедээ явж байсан. Гэхдээ Японы эдийн засаг бол Монголтой харьцуулахад хөрөнгө оруулалт багассан ч технологийн өөрчлөлт шинэчлэлийг дорвитой хийж, дараа дараагийн өсөлтийн сууриа  бэлэн болгосноороо давуу талтай.

- Төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн нийгэм рүү шилжилт өрнөсөн жилүүдэд та эх нутагтаа ирж. Шинэ боловсон хүчнийг ямар  нийгэм угтаж авсан бэ?

-Эдийн засгийн чиглэлээр Йокохамагийн их сургуулийн магистр, Токиогийн Кейо Их Сургуульд докторын зэргийг хамгаалаад 2003 онд  Японоос ирж байлаа. Тухайн үед  эдийн засаг нэлээн хүнд, экспортын хэмжээ бага,  хоёр жил дараалан зуд нүүрлэж, улсыг тэжээх гол амин судас нь  “Эрдэнэт” үйлдвэр байлаа. Төсвийн орлого агшиж,  хөрөнгө оруулалт 30 тэрбумаас хэтрэхгүй, сарын дундаж цалин 30-40 мянган төгрөгтэй тэнцэж байсан.
Японд мэдсэн сурсан зүйлүүдээ Монголдоо хэрэгжүүлэх боломж олдож 1947 онд байгуулагдсан Эдийн засгийн дээд сургуульд орлогч захирлаар ажиллаж, улмаар захирал болж дэвшсэн. Тухайн үед эдийн засаг, бизнесийн боловсролыг олон улсын түвшинд хүргэх, Японы боловсролтой ойртуулах зорилго тавин ажилласан. Эдийн засаг томоохон хөрөнгө оруулалтаар хөгждөг юм байна гэдгийг Японд сурч байхдаа мэдсэн. Өөрөөр хэлбэл Монголын жижиг эдийн засаг  томоохон хөрөнгө оруулалтаар технологийн хөгжилд хүрнэ гэдгийг мэдэрч байлаа.   2008 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Японд айлчлал хийсэн. Тэр үеэр Монгол Улс  түүхий эдээ Япон руу нийлүүлж улмаар тус улсаас технологийг нутагшуулах хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавьснаар сүүлийн 10 жилд өргөжсөн эдийн засгийн хамтын ажиллагааны суурь тавигдсан юм. Японы зүгээс Монголын эдийн засгийг дэмжих, шилжилтийн үед цахилгаан станц, дэд бүтэц, сургууль, эмнэлэг  гээд бүх салбарт тусалсаар ирсэн.  Харин  2008 онд  хоёр улс стратегийн хамтын ажиллагаагаа албажуулж зөвхөн тусламж үзүүлэх бус харилцан ашигтай ажиллах боломжийг бүрдүүлсэн.

  -Японд суралцаж төгссөн хүмүүс цаг баримталдаг, ажил хэрэгч болдог гэдэг. Таны хувьд япончуудаас юу суралцав?

-Мэдээж цаг баримтлах, ямар ч юмыг тултал нь  сайн хийх гээд тухайн орноос суралцах зүйл их  бий. Японд ажиллаж, амьдарсан ямар ч хүн тэдний соёлд суралцдаг. Энэ утгаараа үүнийг монголдоо хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Хамгийн чухал нь маш хариуцлагатай. Хийнэ гэж амласан бол түүнийгээ биелүүлдэг.  Цаг хугацаанд нь ажлаа ягштал сайн гүйцэтгэдэг ясны хүмүүс бол япончууд. Өөрөөр хэлбэл тэдэнд халтуурдана гэсэн ойлголт байхгүй. Мэргэжлийн хүмүүс нь маш өндөр түвшинд хүрсэн байдаг.  Бүр багаасаа хичээх хэрэгтэй гэсэн ойлголт тархинд нь суучихсан байдаг. Үүн шиг Монголчуудын хувьд сурсан мэдсэн зүйлээ байнга хийж, чанартай болгох  дадал суувал хөгжил бидэнд ойрхон байна.

-Та Японоос ирээд багагүй хугацааг үдэж. Маш олон ажилд томилогдон ажиллалаа.  Энэ хугацаанд япончуудтай хэр ойр ажиллав?

-Сургуулиа төгсөж ирээд таван жил Эдийн засгийн дээд сургуульд ажилласан. 2009 онд шинээр байгуулагдсан Засгийн газар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар томилсон. Японы амжилтын нэг нууц нь аливаа зүйлийг нарийн төлөвлөгөөний дагуу стратеги бодлого, алсын хараатай хийдэг. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллахдаа японы стратеги бодлогыг монголд хэрэгжүүлэхийг хичээсэн. Тэр үед Монгол Улсад хөгжлийн бодлого, стратегийн тухай хууль байгаагүй. Хувийн хэвшлийг төдийлөн ашиглаж чадахгүй байсан үе л дээ. Тодотговол томоохон хөрөнгө оруулалт хийх боломжгүй байлаа. Тус хороонд дөрвөн жил ажиллахдаа Монгол Улсад Хөгжлийн банк байгуулах, Концессын буюу хувийн хэвшлийг бүтээн байгуулалт руу оруулах системийг бий болгох, Хөгжлийн бодлого, Стратегийг хуулиар тодорхойлоход хүчээ зориулж ажилласан.  Улмаар  Монгол Улсын дунд хугацааны стратегийн анхны төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Үүнтэй уялдуулан Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж байв. Тухайн үед  инновацийн хууль буюу технологийн шинэчлэлийг дэмжих хуулийн төслийг Үндэсний шинэтгэлийн хороо батлуулсан. Өөрөөр хэлбэл төсвийг хуваарилахдаа улс төрийн шийдвэрээр бус, аймаг тус бүрийн хөгжлийн чадамж дээр суурилах тогтолцоог улсын төсөвт нэвтрүүлсэн. Ийнхүү ажилласны  үр дүнд тухайн  Засгийн газрын үед Эдийн засгийн яам байгуулагдсан түүхтэй.  Японы давуу тал болох хөрөнгө оруулалтын бодлого, алсын стратегитай байх туршлагыг монголдоо нутагшуулсан. 2015 онд Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлтийн албан ёсны хуультай болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэхүү хуулинд суурилан үе, үеийн  Засгийн газрууд Хөгжлийн банктай хамтран хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Энэ ажилд  Японд байхдаа хамтран ажиллаж байсан  багш нар, JICA- гийн мэргэжилтнүүд маш их тус болсон. Япончуудын хувьд Монгол бол жижиг зах зээл, шууд худалдаа хийхэд бэрхшээлтэй гэдэг ч тэдний туслах гэсэн чин сэтгэл бидний ажлыг урагшлуулсан гэж хэлж болно.  Өөрөөр хэлбэл хүнд байсан 1950-иад онд хөл дээрээ боссон арга туршлагаа бидэнтэй харамгүй хуваалцсан.  Дээрх ажлуудын үр нөлөө 2008 оны эдийн засгийн хямралыг  даван туулахад нэлээн түлхэц болсон.

-Эдийн засагчийн хувиар 15 жилийн хугацаанд эдийн засагт гарсан өөрчлөлтийг дүгнээч гэвэл. Та юу хэлэх вэ?

-2003 оноос хойш манай улсын эдийн засаг хоёр удаа хямарсан байдаг. 2003-2013  манай эдийн засаг 10 дахин өссөн. 30 ам.доллар байсан цалин өнөөдөр 300 ам. доллар болсон байна. Өрхийн орлого нэмэгдсэн гээд дээрх хугацаанд саараас илүүтэй сайн зүйлүүд олон бий. Төр засгаас стратеги  хөрөнгө оруулалт, бүс нутгийн гээд олон төрлийн бодлого боловсруулдаг болсон. 15 жилийн хугацаанд манай эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарсан.

-Аливаа улс орнууд эцсийн шийдвэр гаргахдаа  шинжлэх ухааны эрдэмтэд, судлаачдынхаа судалгаанд суурилдаг. Манай улсын хувьд энэ нь учир дутагдалтай. Ихэнхдээ улс төрчдийн шийдвэрээр явж байгаа нь нууц биш. Судалгаанд суурилсан тогтолцоог бий болгохын тулд Монгол Улс яах ёстой вэ?

-Шийдвэр гаргалтад зах зээл, хөрөнгө оруулалт, байгаль орчны нөлөөлөл гээд цогц судалгаа хэрэгтэй. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулагдсанаас хойш эрчим хүч, зам тээвэр, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн зэрэг 40 гаруй томоохон судалгаа хийсэн. Эдгээр судалгаа нь хөрөнгө оруулалт, стратегийн хэрэгжилтэд шийдвэр гаргахад тус болсон. Судалгаанд суурилсан бодит алхмууд бий болж байна. 2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлахад  заавал судалгаатай байх гэдэг зүйлийг тусгасан. Мэдээж, санхүүгийн хүнд нөхцөлд хүссэн бүх зүйлээ судлахад хэцүү боловч судалгаан дээр суурилах ёстой гэсэн ойлголт руу Монгол Улс явж байна.  Саяхан Сангийн яам дэргэдээ Судалгааны хүрээлэн байгуулахаар боллоо. Энэ бол нэг алхам. Үндэсний хөгжлийн газар мөн судалгааны хүрээлэн байгуулах төсөл боловсруулсан байна билээ. Яамд судалгааны хүрээлэнг сэргээх талаар хичээн ажиллаж байна. Дээр дурдсан 40 судалгаа нь  ямар ч байсан Монгол Улсад судалгаа  цаашид хэрэг болох юм гэсэн ойлголтыг суулгаж өгсөн. Нэг үеэ бодвол томоохон шийдвэр гаргахдаа судалгаанд суурилан, олон улсын байгууллагатай хамтардаг боллоо. УИХ-аас  “Тогтвортой хөгжлийн бодлого 2030” хөтөлбөрийг баталсан. Өмнөх судалгаа хуучирсан учраас гурван томоохон бүлэг асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Давын өмнө 2007, 2008 онд хэрэгжсэн бүс нутгийн бодлогыг шинэчлэх, улмаар салбарын бүх бодлого төлөвлөлтийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай нийцүүлэн  шинэчлэх ёстой. Гуравдугаарт хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Ингэснээр улс төрчид дураараа шийддэг явдал багасаж, бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, хоорондоо уялдаатай, цогц байдлаар гарах боломж бүрдэнэ. Хэдийгээр нэг өдрийн дотор хийх ажил биш ч гэсэн алхам алхмаар хуулиудаа шинэчлэх замаар эцэслэх боломжтой. Хөгжлийн бодлого гэж чухам юу вэ гэдгийг шинэ үндсэн хуулинд тусгах ёстой. Тухайлбал Монгол Улсын хөгжлийн бодлого алсын хараатай, улс төрөөс үл хамаарсан байх ёстой гэдгийг үндсэн хуулинд тусгах нь зүйтэй.

-Шинжлэх ухаан дээр тулгуурлах хэрэгтэй гэж ярьдаг ч,  нөгөө хэсэг нь эрдэмтэд сул байна. Тэднийг чадавхжуулах хэрэгтэй гэдэг. Манай эдийн засагчид хэр чадавхжиж байна вэ?

-Бодлогын томоохон шийдвэр гарахад эрдэмтэд, нөгөө талаас улс төрчид хамтрах нь гарцаагүй. Дан ганц эрдэмтэд шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Мөн  улс төрчид ч мөн адил. Монголд бүх салбар хөгжиж байна. Дэлхийн түвшний судалгаа хийх нөхцөл манайд бүрэлдлээ гэж хэлэхэд эрт. Гэхдээ улс төрчид аажмаар ухаарч байна. Стратеги, алсын хараа, дунд хугацааны хөтөлбөрөө хардаг болсон. Судлаачид маань шилжилтийн үед мэдэхгүй олон зүйлтэй тулгарч байсан бол эдүгэ залуучууд гадаадад мэргэжил эзэмшиж  хүчээ сорьж буй нь дэвшил юм. Мэдээж, нобелийн шагнал  хүртэх болоогүй ч Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг боловсрол эзэмшин  сурсан зүйлээ ирээд оюутнуудад зааж байгаа нь дэвшилд хүрч буйн нэг илрэл. 1990 онд гадаадад сурч ирсэн хүн ховор байлаа. Тухайн үед Оросод мэргэжил эзэмшсэн хүмүүс байв. Харин одоо Эдийн засгийн сургуульд гэхэд 20 гаруй гадны улс орнуудад боловсрол мэдлэг эзэмшсэн багш нар ажиллаж байна. Энэ нь дэлхий хэмжээний эдийн засгийг судалж, судалгаа хийх чадавхийг бүрдүүлж байна гэсэн үг. Дэлхийн түвшний судалгааг Монголын хөрсөн дээр буулгахад суралцаж байгаа явдал нь өөрийн улсын эдийн засгаа судалж ойлгоход илүү түлхэц болох юм. Ингэснээр судлаачид хамтран ажиллаж, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц судалгааг бий болгох боломж бүрдэнэ. Манай тэнхмээс гэхэд Түвшинтөр багш маань УУХҮЯ-нд зөвлөх, Алтанцэцэг багш ядуурлын асуудлаар судалгаа хийж байна. Энэ мэтчилэн холбогдох яамд, байгууллагуудтай  харилцах холбоос сайжирч байгаа.

Японы түвшинд хүрэхэд хугацаа хэрэгтэй. Зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байгаа манай орны хувьд ирэх 5-10 жил бол, шийдвэрлэх он жилүүд ирнэ. Түүнчлэн сонгогчид илүү мэдлэгтэй болж, шийдвэр гаргалтад нөлөөлөх чухал хүчин зүйл. Мөн хэвлэл мэдээллийн зүгээс ч сайн боловсруулсан мэдээллээр хангах явдал нь маш чухал байгаа.

-Монголчуудыг оюуны чадамж өндөр хүмүүс хэмээн гадныхан үнэлдэг. Ганцхан хичээл зүтгэл байхгүйгээс болж хөгжлийг тушаад байх шиг. Таны хувьд  оюутан байхдаа хэр үнэлэгдэж байв?

-Анх би Японд очихдоо хэл мэдэхгүй учир хичээл үзэхэд бэрхшээл тулгарч байсан. Хичээл зүтгэлийн үр дүнд мэргэжлийн түвшинд уншдаг болсон. Гэхдээ докторын  судалгааны ажлыг танилцуулахад мэргэжлийн түвшнээс илүү хэлний мэдлэг шаарддаг. Японы орчин өөрөө маш өрсөлдөөнтэй, хөдөлмөрлөхийг шаарддаг. Япон хүмүүст залхуурах гэсэн ойлголт ер байдаггүй. Багш нар, эргэн тойрны хүмүүс үлгэр дуурайлал болж байсан. Манай багш дэлхийд нэртэй Ояама онолыг боловсруулсан. Ояама багш маань долоо хоног бүр бүх оюутнуудын магистр, докторын ажлыг шалган, зөвлөгөө өгч, шинэ материалуудаар ханган, чин сэтгэлээсээ бидэнд цаг заваа зориулдаг байв. Энэ үлгэр дуурайлал надад үлдсэн. Хэдий багшийнхаа хэмжээнд хүрэхгүй ч оюутнууддаа үлгэрлэхийг хичээдэг. Хичээлээ Япон багш нарынхаа аргаар заахыг хичээдэг. Анх хичээлд орж ирэх үеэс оюутнууд төгсөхдөө маш их өөрчлөгддөг. Хүн  бүхнийг мэдэхгүй ч хичээл зүтгэлтэй байх ёстой гэдгийг оюутнууддаа байнга захидаг. Зохион байгуулах чадвар, хичээл зүтгэлтэй байснаараа үсрэнгүй хөгжих боломж бидэнд бий.

-Эдийн засагчийн үг улс төрчийн үгнээс илүү жин дардаг. Энэ хэрээрээ хариуцлага хүлээдэг. Эдийн засагч байр сууриа  ямар зарчмаар илэрхийлэх ёстой вэ?

-Эдийн засагч  бол нийгэмд байгаа нөөц боломжийг зөв ашиглаж, хамгийн үр ашигтай, алдагдал багатайгаар хуваарилах, хөгжлийг хурдасгахад гол нөлөө үзүүлэх хүмүүс. Монгол Улс бол хөгжиж буй орон. Хөгжлийн эхний шатанд явж байгаа учраас боломж их бий. Боломжийг зөв ашиглахын тулд улс төрийн бодлого сайтай байх, ягштал хэрэгжүүлдэг байх, нийтээрээ хичээж зүтгэх ёстой. Бодлого эхнээсээ зөв чиглэлдээ орлоо. Нөгөө талаас хууль тогтолцоо сайжран улс төрчид гаргасан бодлогоо биелүүлэх шат руу ахив.  Эдийн засагчдын хувьд зөв бодлого боловсруулахад анхаарал хандуулах ёстой. Зүүний талын бодлого бол хуваарилах, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Харин барууны талын бодлого нь либериал үзэл баримтлал буюу төрийн нөлөөг багасгаж,  хөрөнгө хуваарилахын оронд хувийн хэвшилд суурилахыг илүүд үздэг байх жишээтэй. Үүний аль нь Монголд илүү тохирох вэ гэдэгт судалгаа хийж, тоо баримтаар нухацтай гаргах хэрэгтэй. Сайн судалгаанд суурилан бодлого боловсруулах нь чухал. Монголын өнөөгийн нөхцөлд төсвийн алдагдал  их болсон. Эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн төслүүд том нөлөө үзүүлж байгаа. Ойрын хэдэн жилүүдэд төсвийн алдагдал байх нь дамжиггүй. ОУВС-гаас зээл тусламж авч байж төсвийн алдагдлаа нөхөх дүр зураг гарч байна. Ийм нөхцөлд томоохон хөрөнгө оруулалт хийх  боломж хувийн хэвшлийнхэнд байгаа. Тийм учраас одоогийн Засгийн газар хувийн хэвшлийн боломж, чадамжид тулгуурлан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Таныхаар Монголын хөгжлийг хөдөлгөх гол хөшүүрэг нь юу вэ?

-Өнөөдөр Монголд шийдвэрлэвэл зохих гурван том асуудал байна. Нэгдүгээрт, цахилгаан эрчим хүч. Монгол Улсыг хөгжихөд цахилгаан үйлдвэрлэл маш том байр суурь эзэлнэ. Бид гаднаас эрчим хүч импортолж, өндөр үнээр цахилгаанаа хэрэглэж байна. Усан цахилгаан станц, ДЦС, сэргээгдэх эрчим хүчийг жигд хөгжүүлэх ёстой. Хоёрдугаарт  хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулмаар байна. Атрын III аяныг өрнүүлснээр 100 хувь хүнсээ хангадаг болсон. Тоо хэмжээний хувьд өссөн ч чанарын хувьд дэлхийн түвшинд хүрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл бид тооноос илүү чанарыг чухалчлах шаардлагатай. Чанартай бүтээгдэхүүнтэй болчихвол дэлхийд өрсөлдөх чадвартай болно гэсэн үг.  Гуравдугаарт  зам тээврийн сүлжээг хөгжүүлмээр байна. Экспортоо хөгжүүлж чадахгүй өдий хүрч байгаагийн гол үндэс нь зам тээвэр хөгжөөгүйнх. Нүүрсээ экспортлох гээд  100-200 км-ын гацаанд орж буй нь байж боломгүй асуудал. Тиймээс эдийн засагчид улсад мөнгийг юунд зарцуулбал оновчтой болох вэ гэдгийн үндэслэл тооцооллыг тооцож гаргахад нэгдэх хэрэгтэй. Эдийн засагчдын хувьд зөрүүтэй үзэл баримтлалууд бий. Гол нь оновчтойг  сонгох хамгийн чухал.

- Жилийн өмнө Монголын эдийн засаг амаргүй байлаа. Харин одоо эдийн засаг дефлиациас  ангижирч,  төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш харьцангуй тогтворжлоо. Гадаад валютын нөөц 1.6 тэрбум долларт хүрч, агшиж байсан эдийн засаг өсөлттэй гарч эхэллээ. Эдийн засаг сайжрах үндсэн үзүүлэлтийн талаар та юу хэлэх вэ?

- 2012-2016 онуудад зах зээл дээрх гол экспортын барааны үнэ унасан. Энэ үед маш их хэмжээний зээл авч 2016 онд гэхэд эдийн засаг гүн хямралд оров. Харин хямралын эсрэг авсан зөв бодлого, арга хэмжээний үр дүнд  эдийн засаг сайжирлаа. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сайжирсантай холбоотой. Мөн Засгийн газар гаднаас шинээр зээл авахаа багасгаж, өмнө нь авсан зээлүүдээ дарах, хугацааг нь сунгахад анхаарч ажиллав. Олон улсын валютын сантай хамтран төсвийн алдагдлаа багасгах, хяналттай болгоход анхаарч буй  зэрэг  хүчин зүйлүүдээс шалтгаалан 2016 оноос хойш эдийн засгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл  сэргэж эхэллээ. Гэхдээ энэ эдийн засгийг сэргээх эхний л шат, цаашид үрэлгэн үр ашиггүй мөнгө зарцуулдаг байдлаа бүр мөсөн халахад анхаарах ёстой. 2003-2013 онуудад эдийн засаг 10 дахин нэмэгдсэнтэй адил, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу 2030 он гэхэд манай улсын орлого дөрөв дахин өсөлт үзүүлэх ёстой. Үүнд хүрэх бүрэн бололцоо байна. Гагцхүү системээ сайжруулах хэрэгтэй. Үндсэн хуулиндаа төсөв алдагдалгүй байхыг тусгаж өгөх хэрэгтэй байна.

-Өрийн дарамтад байгаа Монгол Улс түр аргамжаа хийлээ.  Гэхдээ  2018 оноос эхлэн  өрийн асуудал дахиад л ундарна. Энэ өрийг дарахын тулд Монгол Улс яах ёстой вэ?

-Яг одоо манай орлогын өсөлт удааширалтай байна. Өр дарах мөнгө цуглуулах боломж гарахгүй байгаа. Мега төслүүдийг урагшлуулах замаар агшилттай эдийн засгаа тэлж, өрөө тэглэх боломж бий. Гадаад, дотоодын хувийн хэвшилтэй төр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл зах зээлийн нөхцлийг бүрдүүлмээр байна. Наад зах нь цаасан дээр хэрэгжээд байгаа төслүүдээ урагшлуулах хэрэгтэй.  Тухайлбал дээр үеэс ярьж ирсэн “ТЭЦ-5”-ын ажлыг биежүүлмээр байна шүү дээ. Эрчим хүчний тусгаар тогтнолыг хангаж өгөх боломжийг эрэлхийлж бодит алхам хийх ёстой.

- Эдийн засгийн өсөлтийг 4,2 хувьтай байх өөдрөг төсөөлөлтэй төсөв баталлаа.   Төсвийн алдагдлыг 2.4 хувьтай баталсанд Зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байсан. Ирэх оны төсвийн талаар та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал хариуцлагатай төсөв болсон. Өмнө нь төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцсэн нь байж болохгүй зүйл байв. Өрхөөр зүйрлэвэл орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй гэсэн үг. Дандаа хүнээс зээлдэг. Үүнийг багасгахын тулд агшааж байгаа нь туйлын зөв. Магадгүй дараагийн онуудад алдагдлаа тэг  болгох хэрэгтэй. Нэмэгдэлтэй болж байж өрөө дарна. Энэ бол эхний  алхам. Үүнийгээ зөв хийж амжилтад хүрвэл дараа дараагийн хаалга нээгдэнэ. Хяналтын горимд орох нь хэцүү ч, хийх ёстой алхмын нэг юм. Эдийн засгийн бодлого эрүүлжиж байна.

Б.Заяа

Монгол брэнд