top banner
Шуурхай мэдээ

Зэрлэг амьтад бог малын мялзан өвчний вирус тээгч болж буйг онцлов


2017-11-28 12:36:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Бог малын мялзан өвчний нөхцөл байдал” хэлэлцүүлэг, уулзалт эхэллээ.

Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 61 сая толгой мал тоологдож, үүний 53 сая нь бог мал /28 сая хонь, 25 сая ямаа/ байв. Мөн зэрлэг амьтдын тоо толгой чухал ач холбогдолтой бөгөөд 10 мянга орчим бөхөн тоологджээ. Бог малд 2016 оны есдүгээр сард "Бог малын мялзан өвчин" /БММӨ/ оношлогдсоны дараа Засгийн газраас 11 сая орчим толгой малыг вакцинжуулахаар төлөвлөж, баруун бүсийн 5 аймгийн 70 сумын 10,4 сая толгой бог малыг хамруулсан.

Харин вакцины чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн /AU-PANVAC/ лабораторид шалгуулахад хангалттай сайн болохыг тогтоосон юм. Вакцинжуулалт нь БММӨ-ий голомтын эргэн тойрон дахь нутгийн бүх малыг дархлаажуулах замаар өвчнийг хяналтдаа авч, халдвар тархахыг таслан зогсоох зорилготой байв. Үүнээс хойш бог малд БММӨ-ий халдвар илэрсэн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Харин вакцинжуулалт хийснээс нэг сарын дараа бөхөн хорогдож эхэлсэн бөгөөд 5000 мянга орчим толгой бөхөн уг өвчний улмаас хорогджээ. Мөн энэ оны 6 дугаар сараас Ховд аймагт 20-30 орчим тооны янгир ямаа хорогдсон юм. БММӨ-ний дэгдэлтийг илрүүлж, баталгаажуулснаас хойш Монгол Улсын Засгийн газраас зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын ХХААБ, ДМАЭМБ-ын хамтарсан Гамшгийн удирдлагын төв болон БММӨ-ий нарийн бичгийн дарга нарын газар зэрэг байгууллагын дэмжлэгтэй уг өвчний эпидемиологийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулжээ. БММӨ-ий халдвар илэрнэ гэдэг нь уг өвчний вирус зэрлэг амьтдын биед эргэлдсээр байгаа хэрэг.

 
Энэ оны 5 дугаар сард болсон хурлаар орон нутгийн мэргэжилтнүүдэд үүнийг танилцуулж, БММӨ-тэй тэмцэх үйл ажиллагааг үнэлэх, хандивлагч, оролцогчдоос дэмжлэг хүсэх зорилгоор энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Стратеги төлөвлөгөөний эцсийн хувилбарыг ХХААХҮЯ, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд боловсруулаад байгаа юм.

Гурван өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлэг, уулзалтаар БММӨ-ий нөхцөл байдлыг хэлэлцэж, үйл ажиллагааг үнэлэх, үндэсний стратеги төлөвлөгөөг хэлэлцүүлэх, хамтарсан мэдэгдэл бэлтгэх, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх, хандивлагч, түншүүдтэй хамтран ажиллах талаар зөвлөлдөнө.



Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БОАЖЯ, халдвар илэрсэн болон эрсдэлтэй аймгуудын малын эмч, байгаль орчны мэргэжилтнүүд, Олон улсын зэрлэг амьтдыг хамгаалах байгууллага, НҮБ-ын ХХААБ, Пирбрайт институт, Их Британи-CIRAD, Франц-CAHEC байгууллага болон БНХАУ, Казахстан, ОХУ-ын төлөөлөгчид оролцож байна.

Д.Өлзий

Монгол брэнд