top banner
Шуурхай мэдээ

Хүнсний болон үрийн буудайг татваргүйгээр импортлох асуудлыг хэлэлцэв


2017-11-22 17:21:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. 

Гурилын үнийг нэмэхгүй тогтвортой хадгалах, ирэх оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг тус тус дээрх татвараас ирэх оны зургадугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Гишүүдийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас болоод ургац алдсан, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор түр хугацаагаар зарим бараа бүтээгдэхүүнийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг оруулж ирснийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн нийт нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул аймаг орон нутгуудад улаанбуудай, өвс, тэжээлийн хуваарилалтыг жигд хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд анхааруулж байлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Б.Туул

Монгол брэнд