top banner
Шуурхай мэдээ

Монгол эрдэмтдийн 200 гаруй шилдэг бүтээл олны хүртээл болж байна


2017-11-22 16:03:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хувьд шинжлэх ухааны санхүүжилтийг ойрын үед нэг хувьд хүргээд, цааш нь үе шаттай нэмэх бодлого барин ажиллаж буйг “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэнгийн үеэр БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ онцлов.

Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн салбарт тулгарч буй аливаа бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухаан, технологи хэмээн үзэж, энэ салбарт зарцуулах хөрөнгө санхүүжилтээ тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг амжилттай хөгжүүлж байна. 2017 онд шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилт 33.8 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд энэ нь манай улсын ДНБ-ий 0.12 хувьтай тэнцэж байна. Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогод шинжлэх ухаан, технологийг ойрын есөн жилд эрчимтэй хөгжүүлэх зорилго, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж 2025 онд 2.5 хувьд хүргэх зорилт тавьсан. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь ДНБ-ий нэг хувьд хүрэхэд тухайн улсын шинжлэх ухаан эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг. Манай улсын хувьд шинжлэх ухааны санхүүжилтийг ойрын үед нэг хувьд хүргээд, санхүүжилтийг цааш нь үе шаттай нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна” гэв.
Шинжлэх ухааны салбарын шинэ технологи, бүтээл, загварыг олонд дэлгэдэг тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болсон, энэхүү үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, улсын их, дээд сургууль, гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл зэрэг 90 гаруй байгууллага, эрдэмтэн, судлаач өөрсдийн судалгааны дүнд бий болсон инновацийн 200 гаруй шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав.


 
Шилэн хоргонд үлэг гүрвэлийн олдвор толгой, яс, мөрийг амьд мэт хуулбараар байрлуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа. Энэ бол ШУА-ийн хүрээлэнгийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн “Палеонтологийн олдвороос хуулбар, хэв хийх төсөл” юм. “Цөөн тоогоор олддог, цаашдын судалгааны жишиг болох учиртай палеонтологийн ховор сонин олдворыг бүгдийг нь музейн үзмэр болгох боломжгүй учир орчин үеийн өндөр технологиор эх материалаас хэв авах буюу шууд ойлголтоор хувилж олшруулж, жинхэнэ олдвороос ялгахын аргагүй тийм загварыг хийж, музейн үзмэр бүтээх арга дэлхий дахинд нэвтрээд байна. Орчин үед ховор зүйлээс хэв авахад силикон резинийг өргөн хэрэглэх болсон. Загвар хуулбарыг хийхэд бөх бат, хөнгөн чанарын полистерийг ашиглаж байна” хэмээн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Л.Уранбилэг ярилаа.



Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгээс гэрт зориулж 5 кВт-ын цахилгаан, 2 кВт-ын дулааны чадалтай “Илч-2.0” дулааны хуримтлуурыг иргэдэд санал болгож байв. Дулааны хуримтлуур нь гэр, орон сууцны халаалтад ашиглахаар төлөвлөж тус хүрээлэнгийн 2010 оноос эхлэн судалж хийсэн инновацийн бүтээл юм. Уг төхөөрөмжийг шөнийн хямдралтай цахилгаанаар цэнэглэж өдөржин халаалттай байх, монгол гэрт зохимжтой хэвтээ зохиомжилсон, галын аюулгүй байдлыг хангасан, зуухыг бүрэн орлох экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Зах зээлийн үнэ нь нэг сая төгрөгийн үнэтэй бөгөөд адил төстэй ийм бүтээгдэхүүн гадны орнуудад гурван сая төгрөгийн үнэтэй байдаг аж.



“Шинэ ангирт” ХХК-иас “Эгэл маалингын үрийн тосоор зохицуулах үйлдэл бүхий хүнс үйлдвэрлэх технологи” төслийн хүрээнд гаргаж авсан Омега-3, 6, 9 тос гарган авчээ. Тус компанийн захирал А.Баатаржав, “Маалинга нь хүн төрөлхтний хамгийн эртний тарималжуулсан ургамлын нэг юм. Тосны маалингыг ОХУ, Канад, Казахстан, Укриан, БНХАУ, Австралид өргөн тариалдаг. Бид хоёр жилийн өмнөөс инновацийн төсөл хэрэгжүүлж тосны маалингыг Ховд, Дорнод, Дархан-Уул, Төв аймгийн Батсүмэр, Архуст суманд тариалж эхэлсэн. Ургамлаа тарьж, үрийг нь ялгаж авсны дараа Омега-3, 6, 9 ханаагүй тосны хүчлийг өөртөө агуулсан тос гарган авч байна. Өнгөрсөн жилийн ургацын тосноос Германд шинжилгээ хийлгэхэд Омега-3 тосны агуулга 62.6 хувьтай гарсан. Тосны шахцаа ашиглан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хөх тарианы гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” гэв.



ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Эрвита” ХХК нь хүрээлэн буй орчинд ээлтэй, байгалийн гаралтай 5-6 бүтээгдэхүүн танилцуулж байлаа. Сүүлийн үед дэлхий нийтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хандлага хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй байгалийн гаралтай түүхий эдэд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэж буй. Тиймээс тус компанийнхан эх орны түүхий эдэд тулгуурлан гарган авсан органик хар саван, “Ариун” комет, үнэр шингээгч, ус цэнгэгжүүлэгч, халуун хүйтэн жин, ус шүүгч үйлдвэрлэснээ дэлгэжээ. Идэвхжүүлсэн хар нүүрс, олив, эфирийн тосноос гаргаж авсан хар саван нь арьсыг цэвэрлэн сэргээж, илүүдэл тосыг багасгана. Арьсны гүн дэх нян, батга, цоохор толбо, олдмол сэвх зэрэг арьсны эмгэгийг шийдэх зориулалттай аж.

Энэ үеэр шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, зохион бүтээгчдийн туурвисан шилдэг бүтээлүүд нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж буйг тэд хэлж байлаа.

Шинжлэх ухаан технологийн сан шалгарсан төслүүдэд санхүүжилт хийдэг бөгөөд эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулах, худалдан борлуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж буй төрийн тусгай сан юм. Тус сангаас 2017 онд нийт 447 төсөлд 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус сангийн санхүүжилтээр “Эко технологиор арьсыг гүн боловсруулах технологийн шийдэл” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн хурганы арьсан шубыг загвар өмсөгчид хүрэлцэн ирсэн зочдод үзүүлж сонирхуулсан юм. Арьсыг хорм, хүнд металл, давс, хүчил агуулаагүй зөөлөн цагаан идээгээр идээлсэн байна.

БСШУСЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилж, маргааш шилдэг бүтээлүүдийг тодруулах юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн инновацийн шилдэг бүтээгдэхүүнээр "Монгол Алтайн барагшун", "Шавьжийн гайхамшигт ертөнц", "Усан халаалтын зуух", "Ус нэвтэрдэггүй гутал", "Цансэр-3" эм бэлдмэл, Бионүүрсэн талх тус тус шалгарсан билээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд