top banner
Шуурхай мэдээ

Зимбабве улсад 37 жилийн дарангуйлал төгсгөл боллоо


2017-11-21 15:34:44
Зураг
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Зимбабве улсын Ерөнхийлөгч 93 настай Роберт Мугабег гэрийн хорионд оруулснаар тус улсад цэргийн эргэлт гарлаа. Гэсэн хэдий ч энэ нь “сонгодог утгаараа” жинхэнэ цэргийн эргэлт байсан уу гэдэг нь эргэлзээтэй байв.

Тус улсаас ирж буй мэдээлэл хомс байсан учраас тэнд чухам юу болж буй талаар дүгнэлт хийхэд төвөгтэй байлаа.
 
Ням гарагт ард түмэндээ хандан үг хэлсэн Мугабе огцрох талаараа огт дурдаагүй ба 12 дугаар сард болох эрх баригч ЗАНУ-ПФ намын их хурлыг даргална гэдгээ мэдэгдэж байсан юм.

Харин 20-ны өдөр СNN агентлагийн мэдээлснээр, Роберт Мугабе Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрөөд энэ тухайгаа парламентын даргад захидал илгээн мэдэгдэхээр шийджээ. Үүнээс үзвэл, тус улсад цэргийн эргэлт гарчээ гэдэг нь нэгэнт тодорхой боллоо.

Огцрох тухай мэдэгдлийг хийхийн өмнө Зимбабвегийн армийн командлал Мугабетэй тохиролцож, түүний тавьсан хэд хэдэн шаардлага, тэдгээрийн дотор хувийн өмчийг нь өөрт нь үлдээх, Мугабе болон эхнэрийнх нь халдашгүй байдлыг хангах зэрэг шаардлагуудыг нь хүлээн авсан байна. 


 
Мэдэгдэл хийхээс нэг өдрийн өмнө эрх баригч “ZANU-PF”  намын удирдлага Ерөнхийлөгчид 24 цагийн хугацаа олгож, өөрийн хүсэлтээр огцрохыг тулган шаардсан юм. Энэ саналаас татгалзсан тохиолдолд Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх асуудлаар парламентад санал хураалт явуулж /импичмент/, хүчээр огцруулах гэж байлаа.
 
Цэргийн эргэлт гарснаас хойших хэд хоногт Мугабе хугацаа хожих гэж янз бүрээр оролдон, өлсгөлөн хүртэл зарлаж байсан боловч хүчинд автан аргагүйн эрхэнд огцорсон байна.
 
Цэргийн эргэлт хийх шалтаг ба шалтгаан

Цэргийн эргэлт гарсан нь Р.Мугабе өөрийн эхнэр болох Грейс Мугабед засгийн эрхийг шилжүүлэн өгөх гэж улайран оролдож байсантай шууд холбоотой. Энэ сарын 8-ны өдөр Р.Мугабе дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва-г албан тушаалаас нь огцруулсан ба үүнтэй зэрэгцээд ахмад дайчдаас бүрддэг эрх баригч Zanu-PF намд цэвэрлэгээ хийж эхэлжээ. Энэ нь тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцож байсан ахмад дайчид болон армийнхны дургүйцлийг хүргэлээ. Зимбабвегийн армийн командлагч Константино Чивенга  хэлэхдээ “намын доторх цэвэрлэгээг зогсоохгүй бол цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцоно” гэж анхааруулсан байна. Энэ анхааруулга биеллээ олж, цэргийнхэн төрийн эргэлт хийлээ.



Мугабегийн 52 настай эхнэр Грейс Мугабе засгийн эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцохоос өмнө өдгөө 75 настай Эмерсон Мнангагва нь Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн байсан юм. Цэргийнхэн болон ахмад дайчидтай нягт хэлхээ холбоотой тэрбээр огцорсныхоо дараа ӨАБНУ руу явсан ба сүүлийн үеийн мэдээллээр эх орондоо буцаж ирсэн бололтой. Э.Мнангагвагийн хувьд Мугабегийн эхнэрт тун таагүй ханддаг бөгөөд Грейст хортой зайрмаг өгч хөнөөхөөр завдсан хэрэгт түүнийг буруутгаж байв.  

Цэргийн эргэлт хийсэн армийнхан анх мэдэгдэхдээ “бид Мугабегийн эсрэг бус харин түүнийг тойрон хүрээлсэн гэмт хэрэгтнүүдийн эсрэг ажиллага явуулж байна” гэцгээж байв. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, гэмт хэрэгтнүүд гэдэг нь Грейс Мугабед ойр байдаг зарим сайдуудыг хэлсэн бололтой.

Сөрөг хүчнээс өрссөн нь

Зимбабвед гарсан “хуурамч цэргийн эргэлт” нь засгийн эрхийг намын эрх мэдэлтнүүд болон сөрөг хүчнийхэнд алдчих вий хэмээн болгоомжилж буй дээд зиндааныхны /үндэсний чөлөөлөх хөдөлгөөний ахмад дайчдаас бүрдсэн/ урьдчилан сэргийлэх зорилгоор өрсч хийсэн алхам гэж зарим шинжээчид дүгнэж байна.  

9 дүгээр сард Мугабе 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн нь сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүллээ. Сөрөг намууд Мугабег огцрохыг шаардаж, чөлөөт сонгууль явуулах, сонгуулийн тогтолцоог шинэчлэх, шилжилтийн засгийн газар байгуулах шаардлагуудыг хүчтэй тавьж байлаа. Үүнээс дүгнэлт хийсэн армийнхан болон дээд зиндааныхан Мугабег огцруулахаар яаравчлан хөдөлсөн нь энэ юм.

Хятадын оролцоо 

Төрийн эргэлт хийхэд хятадууд оролцсон гэх мэдээллийг Зимбабвегийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэлээд хүчтэй тарааж байлаа. Дэд Ерөнхийлөгч асан Мнангагва огцорсон даруйдаа Хятад руу явсан нь ийм хардлага төрүүлсэн  байна. Тэрбээр 1970-аад оны үед Хятадад цэргийн сургуульд сурч байжээ.

Хардлага төрүүлсэн өөр нэгэн шалтгаан бол, төрийн эргэлт гарахын өмнөхөн армийн командлагч Чивенга Хятадад зочилж, тус улсын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюань-тай уулзсан явдал. Хятадууд цэргийн эргэлт хийхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй ч гэсэн ийм үйл явдал болох гэж буй талаар хангалттай мэдээлэлтэй байсан гэж зарим шинжээчид үзэж байгаа юм. Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэхдээ “энэ уулзалт бол ердийн нэгэн ажил хэргийн арга хэмжээ байсан” гэхээс өөр тайлбар өгсөнгүй.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Зимбабвед байдал тогтворгүй болж, Мугабе огцрох нь тус улсын улс төр, эдийн засаг, худалдааны гол түнш болох Хятад улсад ямар ч ашиггүй, тэр ч байтугай хохиролтой юм. Байдал хурцадсан тохиолдолд Африкийн өмнөд хэсэгт хүмүүнлэгийн хямрал нүүрлэж, цагаачдын урсгалыг тогтоох аргагүй болно. Гэхдээ энэ бол толгой өвтгөх гол асуудал биш.  

Хамгийн гол нь, барууны хоригт ороод буй Зимбабве улс аль хэдийн Хятадаас бүрэн хамааралтай, эдийн засгийн колони нь болчихоод байгаа билээ. Ийм үед төр засаг солигдсоноор Европын Холбоо болон АНУ-аас харилцаа нь бүрэн таслагдаад буй Зимбабвед эдгээр орнуудын хөрөнгө оруулалт цутган орж ирснээр Хятадынхыг түрэн гаргах магадлалтай. Тэгэхээр хэвлэлүүдэд бичиж байгаа шиг “хятадууд цэргийн эргэлтийг дэмжсэн” гэх нь үндэслэл муутай яриа юм.  

Африк тивийн хөгжингүй улс ангал руу ниссэн нь

Өдгөө 15 сая хүн амтай энэ улсыг 37 жилийн өмнө Өмнөд Родези гэж нэрлэдэг байв. Засгийн эрх хийгээд нийгмийн баялгийг 300 мянган цагаан арьстнууд эзэгнэж байлаа. Гэсэн хэдий ч ӨАБНУ-тай харьцуулахад тухайн үед энэ улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бараг байгаагүй бөгөөд хүн ардынх нь амьжиргааны түвшин Африк тивдээ дээгүүрт ордог байв. 
 
1980 онд тусгаар тогтнолоо олж авсан Зимбабве улс улам цэцэглэн хөгжинө гэж дэлхий нийтээрээ харж байлаа. Учир нь, харьцангуй жижиг энэ улс цагаан алтны нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог ба алмаазаар ч баян. Дээр нь өндөр хөгжсөн газар тариалангийн салбар нь Африк тивийг бүхэлд нь тэжээж чадахаар байлаа. Энэ орон диваажингийн гэмээр гойд сайхан байгаль цаг ууртай ба үржил шимтэй хөрсөнд нь бүхий л төрлийн ургамал багсайтал ургана.
 
Гэтэл засгийн эрхийг авсан Мугабе нэг намын тогтолцоог бий болгож, улс төрийн өрсөлдөгчдөө намнаж эхлэв. Шийдвэр гаргах бүх эрх мэдэл түүний гарт төвлөрлөө. Ерөнхийлөгч болонгуутаа Мугабе газрын шинэтгэл хийж, цагаан арьст фермерүүдийн газрыг ямар нэгэн нөхөн төлбөр өгөлгүйгээр хураан авч, газаргүй тариачид болон тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон ахмад дайчдад олгожээ.   

Мугабе европ гаралтай иргэдийг “уугуул иргэдээс газрыг нь булаан авсан ардын дайснууд” гэж нэрлэж байв. 2002 онд тэрбээр цагаан арьст 4000 фермерийг шоронд хорино гэж сүрдүүлэн улс орноосоо хөөн гаргасны хариуд Европын Холбоо Зимбабве улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Цагаан арьстнууд Зимбабвегаас хөөгдөн гарснаас хойш хөдөө аж ахуйн салбар нь бүрэн сүйрчээ. Үүний улмаас улс орон уруудах замдаа нэгэнт шуудран орсон байна. Ингэж явсаар 2008 он гэхэд инфляцийн түвшин 230 сая хувьд хүрч, нэг ширхэг талх 300 тэрбум зимбабве долларын үнэтэй болов. Цөхрөнгөө барсан эрх баригчид үндэсний валютаасаа татгалзаж, оронд нь доллар, юаниар тооцоо хийхээс аргагүйд хүрчээ. Үүний зэрэгцээ авлига, ДОХ-ын халдвар, гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл газар авсан нь эдийн засгийн гүнзгий хямрал дээр улам нэрмээс болсоор байна.

Мугабегийн үед Зимбабве улс боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт ихээхэн амжилт олж, Африк тивдээ байлдах чадвар хамгийн сайтай армиудын нэгийг бий болгосон боловч эдийн засгийн бодлого нь дэндүү их алдаатай байлаа. Африкийн хамгийн аж үйлдвэржсэн улсуудын нэг гэгдэж байсан Өмнөд Родези өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд сүүл мушгиж байна.

Ард олон туйлдсаар байгаа хэдий ч Мугабе засгийн эрхийг барьсаар л байлаа. Түүний эхнэр Грейс хөшигний цаана бүгдийг зохицуулж байгаа гэсэн дам яриа хүртэл бий болов.

2016 онд Мугабе мэдэгдэхдээ “би 100 хүртэл насална, тэтгэвэртээ гарах хүсэлгүй байна” гэж байсан боловч энэ удаагийн цэргийн эргэлт түүний хүсэл мөрөөдлийг таслан зогсоолоо.  

Р.Мугабегийн тухай товчхон

Өдгөө 93 нас сүүдрийг зооглосон Роберт Мугабе бол дэлхий дээрх хамгийн өндөр настай төрийн тэргүүн юм. Тэрбээр 1924 онд Өмнөд Родезид төржээ. Эх орондоо багшийн мэргэжил эзэмшсэн Мугабе Лондоны их сургуулийг бакалаврын зэрэгтэйгээр төгссөн байна.

Тэрбээр эх орондоо эргэн ирснийхээ дараа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон бөгөөд үүнийхээ төлөө 1964 онд баривчлагдан 10 жилийн хугацаагаар шоронд хоригдож байжээ. Шоронгоос суллагдсаныхаа дараа Мугабе Зимбабвегийн Африкийн Үндэсний холбооны удирдагчаар сонгогдож, Британийн колоничлогчдоос Зимбабвег чөлөөлөхийн төлөөх дайнд /1965-1980/ оролцож байв. 


1980 онд партизанууд зэвсгээ хураалгасны дараа болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мугабегийн нам ялснаар тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалыг хаших болсон байна. Үүнээс долоон жилийн дараа Ерөнхийлөгч Канаан Бананагийн оронд Ерөнхийлөгч болов.


Мугабегээс хойш

Ямартаа ч Зимбабвед гарсан цэргийн эргэлт нь нэг хүний гарт засгийн эрх мэдлийг хэт төвлөрүүлснээс үүдэлтэй бөгөөд зайлшгүй болох ёстой байсан үйл явдал мөнөөс мөн. Мугабе огцрох нь нэгэнт тодорхой болсон учраас одоо армийн ивээл дор улс төрийн хүчнүүдийн өргөн оролцоотойгоор үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулагдах магадлал бий. Эсвэл Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний ахмад дайчдаас хэн нэг нь Ерөнхийлөгчийн суудалд залрах болно. Түүнчлэн армийнхан болон ахмад дайчид хамтраад засгийн эрхийг барина гэсэн гурван хувилбарыг ажиглагчид онцолж байна. 

Б.Адъяахүү
 
 

Монгол брэнд