top banner
Шуурхай мэдээ

Ирэх онд хүчтэй газар хөдлөлт олон удаа болно гэж судлаачид таамаглаж байна


2017-11-20 11:37:35
Зураг
ВАШИНГТОН. /Шиньхуа/. Ирэх он болон ойрын жилүүдэд дэлхий дахинд сүүлийн хэдэн жилийнхээс илүү олон бөгөөд илүү хүчтэй газар хөдлөлт болж магадгүй гэсэн таамаглалыг АНУ-ын хоёр судлаач дэвшүүлснийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
АНУ-ын Колорадогийн их сургуулийн судлаач Рожер Билхам, Монтанагийн их сургуулийн судлаач Ребекка Бендик нар саяхан болсон Америкийн геологийн нийгэмлэгийн жил тутмын хурлын үеэр өөрсдийн судалгааны тайлангаа танилцуулсан байна. Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн, газар хөдлөлтийн идэвхжил хоёр хоорондоо уялдаа холбоотой гэж тэд үзэж байна.
 
Энэ хоёр судлаачийн мэдэгдсэнээр, өнгөрсөн зуунд дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний хурд саарч эхэлснээс 5-6 жилийн дараагаас жилд 7 буюу түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлт болох нь дунджаар 25-30 хувиар нэмэгдэж байжээ.
 
Судлаач Р.Билхам хэлэхдээ “Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний хурд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд саарсан. Ирэх онд болон ойрын жилүүдэд томоохон газар хөдлөлт болох болно. Жилд дунджаар 15-20 хүчтэй газар хөдлөлт болдог бол ирэх онд 25-30 удаа хүчтэй газар хөдлөлт болно” гэжээ.
 
Томоохон газар хөдлөлтийн улмаас учрах гарз хохирлын хэмжээ нь тухайн улс орны эдийн засгийн чадавх, бэлтгэл байдалтай шууд холбоотой байдаг гэнэ. Тухайлбал, 2010 онд дэлхийн хамгийн ядуу буурай улсуудын нэг болох Гаитид 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 мянга гаруй хүн амиа алдаж байсан бол 2011 онд Японд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 18 мянган хүн амиа алдаж байсан юм. 9 баллын хүчтэй газар хөдлөлт нь 7 баллаас 1000 дахин илүү хүчтэй байдаг аж.
 
Ерөнхийдөө, газар хөдлөлт яг хэзээ болохыг урьдчилан таамаглах аргагүй гэж газар хөдлөлт судлаачдын дийлэнх нь үздэг юм. Хэрвээ дээрх хоёр судлаачийн таамаглал үнэн байвал хүн төрөлхтөн газар хөдлөлтийг урьдчилан таамагласан анхны тохиолдол болох юм.

Г.Доржханд

Монгол брэнд