top banner
Шуурхай мэдээ

Ши Жинпиний айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд танилцуулга хийв


2017-11-18 18:55:10
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-14-ний өдөр  БНХАУ-ын дарга Ши Жинпин Вьетнам улсад болсон АПЕК-ийн 25 дахь удаагийн удирдагчдын албан бус хуралдаанд оролцон Вьетнам, Лаос улсад төрийн айлчлал хийсэн талаар танилцуулахаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурал хийв. 
Ши Жинпин айлчлалын хугацаанд 40 удаагийн хоёр болон олон талт арга хэмжээнд оролцсон ба анх удаа олон талт арга хэмжээн дээр ХКН-ын 19 дүгээр Их хурлын үр дүн, Хятадын хөгжлийн бодлого, үзэл санааны талаар танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг ихээр татсан бөгөөд Хятад улсын хөгжлийн талаар бүх талын ойлголтыг гадны улсуудад хүргэж чадсан. Мөн олон улс болон бүс нутгийн олон асуудлыг даван туулахад Хятад улсын зүгээс оруулж чадах хувь нэмрийн талаар танилцуулсан.
АПЕК-ийн хурлын үеэр Ши Жинпин Ази номхон далайн /АНД/ эдийн засгийг нээлттэй байлгаж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгон  хөнгөвчлөх, хамтдаа хожих, шударга шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгох, олон талт худалдааны систем, эдийн засгийн глобалчлалыг дэмжихээ онцолсон.
Мөн тэрбээр энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй таван удаа уулзсан бөгөөд энэ удаа ХКН-ын 19 дүгээр Их хурлаас хойш Хятад, Оросын удирдагчдын анхны уулзалт болж, шинэ цаг үеийн Хятад, Оросын хөгжил, хамтын ажиллагааны  чухал ач холбогдолтой уулзалт болсон.
Японы Ерөнхий сайд хоёр талын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай, Хятад, Японы харилцаа харилцан заналхийлэлгүй байх шинэ тогтолцоог бий болгох ёстойг онцоллоо.
Түүнчлэн Ши Жинпин БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Хятадын язгуур эрх ашигтай холбоотой асуудлаар  байр сууриа илэрхийлж, ард иргэдийн өмнө өндөр хариуцлагатай байж, хоёр улсын харилцаа цаашид улам бүр тогтвортой зөв замаар хөгжих ёстойг онцоллоо.
Филиппины Ерөнхийлөгч хоёр талын харилцаа нааштай хөгжиж байгаа бөгөөд  хоёр тал тэнгисийн асуудлаа зүй зохистой шийдвэрлэх шаардлагатайг онцлоод, Хятад улстай баримталж буй бодлого нь Филиппин улсын эрх ашигт нийцэж байгааг илэрхийлсэн.
Ши Жинпин АПЕК-ийн удирдагчид болон АСЕАН-ын удирдагчдын яриа хэлэлцээнд оролцож  АСЕАН, АПЕК-ийн хамтын ажиллагааг уялдуулах, бүс нутгийн дэд бүтцийн хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх талаар ярилцав. Мөн “Бүс ба зам” санаачлагыг АСЕАН-ы ерөнхий бодлоготой уялдуулж, Хятад АСЕАН-ны түншлэлийн харилцааг шинэ шатанд хүргэж, хамтын нийгэмлэгийн уялдаа холбоог улам хөгжүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадын төрийн тэргүүн анх удаа олон талт хүрээнд АСЕАН-ны удирдагчидтай хамтран яриа хэлэлцээ хийсэн тохиолдол боллоо.
Хятад Улс, Чили Улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг шат ахиулах протоколд гарын үсэг зурсан. Энэ нь Хятад Улс Латин Америкийн оронтой анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээрийг дэмжсэн явдал болсон  бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд  "шинэ эхлэл" болжээ.
 
А.Анхбаяр 
 
 

Монгол брэнд