Өмнөд Солонгост элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлууллаа

Дэлхийн мэдээ | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2017-11-16 16:59:49
СӨҮЛ. /Ёнхап/. Өчигдөр болсон 5.4 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Өмнөд Солонгосын Засгийн газар элсэлтийн ерөнхий шалгалтыг /ЭЕШ/ нэг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргасныг “Ёнхап” агентлаг уламжлав.

Өмнөд Солонгосын Боловсролын яамнаас гаргасан мэдэгдэлд "ЭЕШ-ыг 11 дүгээр сарын 23 хүртэл хойшлууллаа” гэжээ. Уг нь 600 мянган сурагчийн ирээдүйг буюу  их дээд сургуульд элсэж чадах эсэхийг шийдвэрлэх энэ шалгалтыг өнөөдөр авах ёстой байсан юм.

Энэ нь байгалийн гамшгийн улмаас ЭЕШ-ыг хойшлуулж буй анхны тохиолдол болж байна. Өчигдөр тус улсын өмнөд нутгийн Пухан хотод 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 50 орчим хүн бэртэж гэмтэж, хэдэн зуун байшин барилга, тэдгээрийн дотор олон сургуулийн хана цуурч, цонх нь хагарчээ.

Өмнөд Солонгост үүнээс өмнө 5.5 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт нэг удаа болж байжээ. Тодруулбал, өнгөрсөн онд Пуханаас холгүй орших Кёнжү хотод 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ