top banner
Шуурхай мэдээ

Галт зэвсгийн тооллого, бүртгэл 40.5 хувьтай явагдаж байна


2017-11-15 15:40:29
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг “Зэвсэг-2017” арга хэмжээ 10 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж байна."Зэвсэг-2017" арга хэмжээний хүрээнд  Ховд аймгийн Цагдаагийн  газрын албан хаагчид, сум, багийн хэсгийн төлөөлөгч нар 17 сумын нутаг дэвсгэрт  томилолтоор ажиллаж байгаа ажээ.
Энэ үеэр галт зэвсгийн  тооллого хийх, бүртгэлгүй галт зэвсгийг илрүүлж бүртгэлжүүлэх, гэрчилгээ олгох, бусдад худалдсан болон шилжүүлсэн галт зэвсгийн шилжилт хөдөлгөөн хийх зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулан галт  зэвсгийн  зөрчлүүдийг арилгаж байна.
Цагдаагийн байгууллага нь жил бүрийн дөрөвдүгээр улиралд галт зэвсгийг  бүртгэж,  тооллого явуулдаг  хуулиар хүлээсэн үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харуул хамгаалалтын зориулалттай, иргэний зориулалттай галт зэвсгийн 40.5 хувийг тооллогод хамруулаад байна. Цаашид Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар аймаг, сумын төвөөс алслагдсан багуудын айл өрх болгоноор орж галт зэвсгийг бүртгэх, зурагжуулах, Цагдаагийн Ерөнхий газрын  галт  зэвсгийн  мэдээллийн санд байршуулах  ажлыг  хийж  байна.
Галт зэвсгийн тухай хууль2016 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ЦЕГ-аас“Галт зэвсгийн нэгдсэн сан”-г ашиглалтад оруулж галт зэвсгийн төрөл, марк, гол төмөр болон замагны дугаарыг тодорхойлсон зургийг оруулж байгаа юм. Энэ нь ямар нэгэн байдлаар галт зэвсэг эзэмшигч иргэн болон  хуулийн этгээдийн буу, зэвсэг алга болсон тохиолдолд  түүнийг эрэн сурвалжлах ажилд тухайн зэвсгийн зургийг ашиглах  давуу талыг бий болгож байгаа ажээ.
Үүнээс гадна галт зэвсгийн гэрчилгээний хамгийн арын хуудсанд эзэмшигчийн хүлээх үүргийн  тухай бичигдсэн байдаг. Үүний дөрөвдүгээр заалтанд “Эзэмшигч жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор галт зэвсгээ оршин суугаа сум, дүүргийн Цагдаагийн байгууллагад бүртгүүлж, татвараа төлж, алдаж үрэгдүүлбэл 24 цагийн дотор Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ” хэмээн тусгасан байна. Иргэд зэвсгийн гэрчилгээний арын хуудастай танилцдаггүй, мэддэггүй учраас дээрх заалтыг бүрэн мэдпдэг болгох талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. 
Ховд аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, Цагдаагийн хошууч  С.Жанбаатар хэлэхдээ,““Зэвсэг-2017” арга хэмжээний үеэр хуулийн этгээд болон иргэд ямар нэгэн торгууль, шийтгэвэр, нөхөн татвар төлөхгүйгээр гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Мөн галт зэвсэг эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө харъяа сум, багийн Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт галт зэвсгээ тоолуулж, бүртгүүлэх  шаардлагатай байна. Ингэхдээ, иргэд галт зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хуулийн этгээд бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэйгээ ирэхэд болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэй. Хэрэв тооллогын хугацаанд галт зэвсгээ бүртгүүлээгүй, эзэмшигчийн үүргээ  биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 40-80 мянга, хуулийн этгээдийг 100-250 мянган төгрөгөөр  тус тус торгоно.
Сүүлийн жилүүдэд галт зэвсэгтэй холбоотой үйлдэгдэж буй гэмт  хэргийн тоо буурахгүй байна.  Галт зэвсэг ашиглан хууль бусаар ан амьтан агнадаг, цаашлаад хүний амь насанд халддаг, галт зэвсгийн хулгайн гэмт хэрэг гарах тохиолдол байгаа. Ер нь зэвсгийн тооллого явуулж, галт зэвсэг тухайн эзэмшигчдээ байгаа эсэхийг шалгаж, бусдад шилжүүлсэн эсэхийг тодруулсанаар дээр дурьдсан гэмт хэргүүд үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэв.
А.Бямбасүрэн

Монгол брэнд