top banner
Шуурхай мэдээ

“Олны хүч оломгүй далай” аянд иргэн бүр нэгдэхийг уриалав


2017-11-15 15:04:13
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санаачлагаар аймгийн ИТХ, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ховд Их Сургуулийн Оюутны холбоо, Улаан загалмайн хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, иргэд хөдөлмөрчид хамтран “Олны хүч оломгүй далай” хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнийг өрнүүлэх  уриалга гаргалаа.
Аймгийн эдийн засгийн гол бааз суурь, амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн өвөлжилт тэр дундаа хаваржилт хүндэрч болзошгүй байгаа бөгөөд энэ тохиолдолд мал аж ахуйн салбарт 12 сумын 6000 гаруй малчин өрхөөс 200 гаруй нь малгүй болох эрсдэлтэй байна.
Тиймээс байгалийн давагдашгүй хүчин зүйлээс мал сүргээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, малчиддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хүнд сорилтыг гарз хохирол багатай давахад нь туслах зорилгоор “Олны хүч оломгүй далай” хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнийг эхлүүлсэн юм.
“Олны хүч оломгүй далай” хариу нэхээгүй  тус иргэний хөдөлгөөн нь энэ оны 11 дүгээр  сарын 15-наас эхлэн 2018 оны 3 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд иргэдэд хандан хэд хэдэн чухал санаачлагыг дэмжихийг уриалсан юм. Үүнд аймгийн төвийн айл өрхүүд хоолныхоо ногооны хальс, хатсан боорцог, талхны үлдэгдэл, модны навч, цайны идээ зэргийг хог болгож  хаяхгүйгээр хурааж үе үе давс цацаж  малын тэжээл дарш болгож малчдад  өгөх, мал нядлагааны газар малын дайвар бүтээгдэхүүнийг ашиглан тэжээл дарш бэлтгэх зэрэг санаачилгыг гаргаад байна. 
Түүнчлэн шинэ жилийн баярын замбараагүй хэрэглээг танаж, аж ахуй нэгж  болон төрийн байгууллагуудаас цалин тэтгэвэр авдаг бүх иргэд гурван кг шар будаа, хоёр кг элсэн чихэр, давс, дөрвөн кг гурил зэргийг дөрвөн сарын цалин орлогоосоо хуримтлал үүсгэхийг уриалжээ.
Мөн иргэдийн бэлтгэж хуримтлуулсан тэжээл дарш, хүнсний зүйлийг цуглуулах, ачих, зөөвөрлөх ажилд аймгийн Залуучуудын холбоо,  Ховд их сургуулийн оюутнууд, Улаан загалмайн хорооны ажилтнууд гар бие оролцож, дэмжин ажиллахаар болов.
Үүнээс гадна аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди 17 сум, 91 багийн ИТХ, ИНХ-ын дарга, төлөөлөгч нарт  уг хөдөлгөөний тухай мэдээлж, үүрэг чиглэл өгөхөөр болж, хоёр сарын хугацаатай туслах малчин бэлтгэж, сарын 500,0 мянган төгрөгөөр цалинжуулах санал гаргалаа.
                                                                                                                                        А.Бямбасүрэн
                             

Монгол брэнд