top banner

Иран-Иракийн газар хөдлөлт: 70 мянган хүн гадаа хоног төөрүүлж байна


2017-11-14 16:37:25
Зураг
ТЕГЕРАН. /АП/. Иран-Иракийн хил орчимд өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн орой 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас орон гэрээ алдсан Ираны хэдэн мянган иргэн хоёр дахь шөнөө гадаа өнгөрүүллээ гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Ираны Керманшах мужийн оршин суугчдад тусламж хүргэхээр тус улсын Засгийн газрын холбогдох албаны хүмүүс тэмцэж байна. Тус муж нь уулархаг бүсэд оршдог, дээрээс нь газар хөдлөлтийн улмаас засмал зам эвдэрч гэмтсэн  нь тусламж хүргэхэд хүндрэл учруулж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн 21:5 цагийн үед Иран-Иракийн хил орчимд болсон 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 445-д хүрч, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 7500 орчим болоод байгаа аж. Энэ нь 2017 он гарснаас хойш хамгийн олон хүний аминд хүрсэн газар хөдлөлт болж байна.

Өнөөдөр Иран даяар эмгэнэл зарлаад байна.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани өнөөдөр газар хөдлөлтийн голомтод очиж, нөхцөл байдалтай танилцжээ.



Ираны УЗН-ийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас 12 мянган байшин барилга бүрэн эвдэрч нурсан бол  70 мянган хүн орох оронгүй болж, гадаа хоног төөрүүлж байна.

“Шинээр баригдсан барилгууд газар хөдлөлтөд харьцангуй тэсвэртэй байна. Хуучин барилгууд бараг бүгд эвдэрч нурсан” гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.

Газар хөдлөлтийн чичиргээн алс холын Турк, Израиль болон Кувэйтед мэдрэгджээ.

Өчигдөр Ираны Керманшах мужийн Сарполь-э-Захаб тосгоны орон сууцны нуранги дороос нэгэн эмэгтэйг нярай хүүхдийнх нь хамт амьд мэнд татан гаргажээ.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот суурин газруудын эмнэлгүүд ч эвдэрч нурсан учир бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчлэхэд  асуудал тулгарч байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.


/>
Г.Доржханд

Монгол брэнд