top banner

“Монгол хэл бичгээ эзэмших, хэрэглэх, хамгаалахад бидний оролцоо” илтгэл шалгарлаа


2017-11-14 14:49:00
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг угтаж төрийн албан хаагчдын дунд зарласан “Хөгжилд хөтлөхөд миний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Отгонбаярын “Монгол хэл бичгээ эзэмших, хэрэглэх, хамгаалахад  бидний оролцоо” илтгэл шалгарлаа.
Тэрээр төрийн байгууллагуудын иргэдэд хандсан самбарын мэдээлэл үг үсгийн болоод найруулгын алдаатай байгаагаас эхлээд төрийн албаныханы монгол хэлээрээ зөв яруу ярих, илтгэх чадварт анхаарах нь чухал байгааг хөндөн төрийн албан хаагч бүр эх хэлнийхээ дархлааг хамгаалах үүрэгтэйг онцолсон юм. 
“Хөгжилд хөтлөхөд миний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд 17 төрийн албан хаагч оролцсоноос эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг эрдэм шинжилгээний хуралд танилцуулжээ.
Төрийн албан хаагчийн эрүүл мэндийн талаарх Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Орхон сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Д.Оюунчимэг, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар тавьсан Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Нандинцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Ш.Бадамрагчаа нарын илтгэл эхний байруудыг эзэллээ.
Шүүгчээр Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн багш, доктор Б.Цацралт, Монголын хүний нөөцийн менежментийн менежерүүдийн холбооны ерөнхий менежер Б.Ариунгэрэл нарын хүмүүс илтгэлийг сонсон шалгаруулсан байна.
М.Батжаргал

Монгол брэнд