top banner

Санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өсчээ


2017-11-14 10:11:39
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн Зохицуулах Хороо III улирлын санхүүгийн тайлан гаргасан байна. Санхүүгийн тайланд банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өссөнийг онцолжээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өмнөх оноос 95.4 тэрбум төгрөгөөр өсч, 2 083.1 тэрбум төгрөгт хүрчээ.

Харин даатгалын салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 хувиар өссөн байна. Түүнчлэн Үнэт цаасны компаниудын нийт хөрөнгө 18.4 тэрбум төгрөг буюу 25.8 хувиар өсөлт үзүүлжээ. 

Хадгаламж зээлийн хоршоодын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар, өнгөрсөн улирлаас 10 хувиар өсч 142.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өсч, 906 тэрбум төгрөгт хүрчээ. Хөрөнгийн өсөлтийн 20 хувийг зээлийн өсөлт бүрдүүлсэн байна. Мөн өөрийн хөрөнгө 35 хувийн өсөлт  үзүүлж,  716.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. ББСБ-ын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулбал 32.3 хувиар өсч, 592.4 тэрбум төгрөг болсон бөгөөд сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурчээ.

Түүнчлэн, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжсан хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 150.6 тэрбум төгрөг буюу 260 хувиар өсчээ. Харин үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд гуравдугаар улирлын байдлаар нийт 318 компанийн 1.4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 22 тэрбум 245 сая 285 497 ширхэг үнэт цаас хадгалагдаж байна. Мөн хөдөө аж ахуйн биржээр нийт 68.1 тэрбум төгрөгийн түүхий эд, материал арилжаалжээ.
Б.Заяа


Монгол брэнд